Шууд Chart

Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав

2021-08-31 17:13:21

НИТХ-ын YIII хуралдаанаар “Минж нутагшуулах төв” орчмын нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалалтад авах тухай хэлэлцлээ. Өлийн давааны өмнө хэсэгт байрлах Минж нутагшуулах төв орчмын нутаг дэвсгэрийг хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулгадаа дурдсан юм. 

Туул голын эх орчимд анх 2012 онд ХБНГУ-аас 13 бодгаль буюу долоон бүл минж, ОХУ-аас  30 бодгаль буюу 15 бүл минж авчирч Туул голын эх орчимд болон Заан, Тэрэлж голд нутагшуулсан байна. Одоогийн байдлаар минжийг долоон га газарт нутагшуулж буй бөгөөд цаашид газар нутгийн хэмжээг 145 га болгон нэмэгдүүлж, цүнхээл үүсгэн минж үржүүлэхийн дээр  газар нутгийг нь орон нутгийн хамгаалалтад авч, эко аяллыг хөгжүүлэн, Экологийн боловсролын цогц төв байгуулахаар төлөвлөөд байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс  Туул голын эх болон Заан, Тэрэлж гол орчмыг минж үржүүлгээр дамжуулаад хамгаалж байгаа нь сайн хэрэг хэмээн сайшаагаад гол мөрний эхийг хамгаалах, аялал жуулчлалын маршрут гаргах, экологийн боловсрол олгох зэргээр ажиллах нь зөв гэдэгтэй олонх нь санал нэгдсэн юм. Зарим төлөөлөгчийн зүгээс экологийн боловсролын төв байгуулах нэрээр барилга байшин барьж, эдлэн газар болгочих вий, торон хашаагаар хашсан иргэдэд хаалттай орчин бий болгох вий, аялал жуулчлал нэрийн дор хориотой анчид, хууль зөрчигчид нэвтэрч  зорьсон зорилго гажуудуулсан зүйлс гаргуузай  зэрэг болгоомжлолыг ч мөн хэлж байлаа. “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” НИТХ-ын тогтоолыг 36 төлөөлөгчийн 92 хувь нь дэмжлээ.


Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй