Шууд Chart

Харилцан суралцах арга зүйн сургагч багш нар бэлтгэх сургалт боллоо

2021-09-01 07:09:46

Нийслэлийн есөн дүүргийн хороод хоорондоо харилцан сайн туршлагаа судлах, туршлагыг нутагшуулан хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.manaikhoroo.mn сайтыг хөгжүүлэн ажиллуулж байна.

Энэхүү системийг ашиглах, харилцан суралцах арга зүйг нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалтыг Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс зохион байгууллаа. Сургалтыг танхимаар болон цахимаар  явуулж, 17 сургагч багш бэлтгэсэн байна.

Энэ удаагийн сургалтад НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих хөтөлбөрийн ахлах ажилтан Л.Золзаяа, Азийн сангийн Cуурин төлөөлөгч Марк Кэйниг, Ази номхон далайн бүсийн нутгийн удирдлагын сүлжээ (LOGIN)-ий зөвлөх Шантану Лахири нар оролцсон юм. Зочид  харилцан суралцах арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар өнөөдрийг хүртэл зохион байгуулсан ажлын үр дүнг өндрөөр үнэлэн, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэх, ижил түвшний байгууллагуудын сайн туршлагыг тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НЗДТГ,  Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хороод өөрийн дотоод үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа шилдэг сайн туршлагыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, бусад хороонд нутагшуулах зорилгоор нийслэлийн нийт хороодын дунд “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх болзолт уралдаан” -ыг өнгөрсөн онд зарлаж байсан. Тэрхүү уралдаанд нийслэлийн  хэмжээнд 144 хороо оролцож, өөрсдийн сайн туршлагаа тодорхойлж ирүүлсэн байдаг. Тэдгээрээс дүүрэг, нийслэлийн түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж 27 сайн туршлагыг шалгаруулж байжээ. 

Цаашид дүүрэг, хороодын албан хаагчдад зориулсан Харилцан суралцах арга зүйн сургалтуудыг Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс үе шаттай зохион байгуулах бөгөөд нийслэлийн хороод сайн туршлагаа солилцон, харилцан суралцаж, хамтран хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх юм.


Харилцан суралцах арга зүйн сургагч багш нар бэлтгэх сургалт боллоо  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй