Шууд Chart

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд халдваргүйтгэл хийж байна

2021-09-04 09:21:27

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэлийг хийж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс орчны халдваргүйтгэлийг эхэлсэн юм. Орчны халдваргүйтгэл эхэлснээс хойш 36 томоохон зах, худалдааны төв, 32 эмнэлэг, 178 цэцэрлэгт, 48 ерөнхий боловсролын болоод их, дээд сургуулийг хамруулан ариутгаад байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын харьяанд мананцар үүсгэгч, найман тоннын багтаамжтай таван машин байдаг. Энэ удаагийн халдваргүйтгэлийн ажилд дөрвөн машин ашиглаж, хувийн хэвшлийн байгууллагаас дөрвөн тоннын багтаамжтай хоёр машин нэмэлтээр ажиллуулж байгаа юм.

Манай улсад клорсепт 17, жавельон, гипохлорит кальци болон просон гэх бодисуудыг халдваргүйтгэлд хэрэглэдэг. Энэ удаагийн халдваргүйтгэлд Англи Улсад үйлдвэрлэсэн просон хэмээх бодисыг хэрэглэж байгаа бөгөөд найман тонн усанд зургаан сав бодис хийн найруулдаг аж. Эдгээр ариутгалын бодис нь хүрээлэн буй орчин болоод хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг ариутгалын ажлыг хийж буй “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-ийн биологич Ү.Алтаншагай онцолж байв.

Түүнчлэн “Сар гаруйн хугацаанд дахин дахин хийх тус халдваргүйтгэлд 2800 орчим сав халдваргүйтгэлийн бодис хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн хэмжээнд бодисын нөөц хангалттай байгаа” хэмээн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж хэлж байлаа.

Халдваргүйтгэлийн ажилтай зэрэгцэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын цэвэрлэгээ, угаалга, ариутгалын ажлыг хийж эхэлсэн. Хуваарийн дагуу хариуцсан ариутгалын компаниуд цэвэрлэгээ, ариутгалыг гүйцэтгэж байна. 


Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд халдваргүйтгэл хийж байна  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй