Шууд Chart

Японы Либерал ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

2021-09-18 13:33:36

Японд өчигдрөөс эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна. Эрх баригч намын дарга Японы шинэ Ерөнхий сайд болох учир ирэх 29-ний өдөр болох сонгууль онцгой ач холбогдолтой. "Ковид-19"-ийн цар тахал сонгуулийн өмнөх кампанид ч зарим нэг өөрчлөлт оруулаад байна.

Тухайлбал, нэр дэвшигчид намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийх боломжгүй болсон. Тиймээс цахим уулзалтууд хийж олон нийт, дэмжигчдийнхээ асуултуудад хариулт өгч, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар төлөвлөж байна.

Мөн тусгай сайтаар дамжуулан мэтгэлцээний асуултуудыг сугалаагаар сонгохоор болсон байна. Либерал ардчилсан намын энэ удаагийн сонгуулийг тус намын одоогийн тэргүүн, Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор зохион байгуулж байгаа нь энэ юм.

Суга Ёшихидэ нь Ерөнхий сайд Абэ Шинзог албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасны дараагаар намын дарга, Засгийн газрын тэргүүний албыг авсан юм. Гэхдээ тэрбээр бүрэн эрхийнхээ үлдсэн хугацааг коронавирусний эсрэг тэмцэлд зориулж намын даргын сонгуульд өрсөлдөхгүйгээ зарласан билээ.

Эрх баригч намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн 4 нэр дэвшигчийн дунд болохоор байна. Тэдний нэг нь Гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд асан, одоо Вакцинжуулалтын асуудал эрхэлсэн сайдын албыг хашиж байгаа Коно Таро юм.

Мөн Гадаад хэргийн сайд асан Кишида Фумио, Хууль зүйн сайд асан Такаити Санаэ, Захиргаа, холбоо харилцааны сайд асан Нода Сэйко нар энэ өрсөлдөөнд оролцож байгаа юм. Одоогоор санал асуулгын дүнгээр хол цойлж тэргүүлж байгаа нэр дэвшигч алга байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Либерал ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй