Шууд Chart

Франц улс АНУ, Австралиас Элчин сайдаа эгүүлэн татна

2021-09-18 15:36:15

АНУ, Их Британи, Австралийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын гэрээ хийж, Австрали улсад цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц үйлдвэрлэхээр болсон. Энэ гэрээг Францын талаас хурцаар шүүмжилж АНУ болон Австралид суугаа бүх Элчин сайдаа эгүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ.

Францын тал хурцаар шүүмжлэх болсон гол шалтгаан нь 2016 онд Австрали болон Францын Засгийн газар 12 ширхэг шумбагч онгоц бүтээх 50 тэрбум долларын гэрээ байгуулсан. Гэтэл Австрали улс лхагва гарагт Францтай өмнө хийсэн шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээгээ шууд цуцалсан нь асуудлыг дэвэргээд байна.

Таван жилийн өмнө Францтай байгуулсан шумбагч онгоц үйлдвэрлэх гэрээ нь Австралийн батлан хамгаалахын салбарын түүхэн дэх хамгийн том гэрээ болж байсан юм. Энэ талаар Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан "Гурван улсын хамтарсан хэлэлцээ болохоос хэдхэн цагийн өмнө манай Засгийн газарт энэ тухай мэдээлэл ирсэн. Энэ нь бидний араар үгсэн хуйвалдсан хэрэг боллоо" гэж ярьжээ.

Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтээр Элчин сайд зөвлөхүүдээ эгүүлэн татах болж, мөн цаашлаад НАТО-гоос гарах ч асуудал үүсээд байна.

Лхагва гарагт АНУ, Их Британи, Австрали улс хамтарсан гэрээ байгуулахдаа БНХАУ-ын нөлөөг эсэргүүцэх оролдлого гэж олон нийтэд тайлбарласан юм. Энэхүү түншлэл нь Австралид цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцыг анх удаа бүтээх боломжийг олгож байна.

Харин Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйн "Францын зүгээс "урам хугарсан"-ыг ойлгож байна. Хоёр улсын харилцаа үнэ цэнтэй тул Францтай цаашид хамтран ажиллана" гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах нь холбоотон орнуудын хувьд ер бусын үзэгдэл. Ийм ч учраас Франц улс Элчин сайд нараа АНУ, Австралиас татаж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Мөн Вашингтонд суух дипломат албаныхан өчигдөр болох байсан АНУ, Францын харилцааг тэмдэглэн өнгөрүүлэх чухал арга хэмжээгээ цуцалжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс АНУ, Австралиас Элчин сайдаа эгүүлэн татна  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй