Шууд Chart

Панжширийн харилцаа холбоо сэргэж, орох, гарах зам нээгдлээ

2021-09-18 15:42:28

Сүүлийн гурван долоо хоногийн турш хаалттай байсан Панжшир мужийн замууд нээгдэж, харилцаа холбоо сэргэсэн тухай “Толо Ньюс” агентлаг мэдээллээ. Тус мужийг талибанчууд бүрэн эзэлснээ мэдэгдсэнээс хойш харилцаа холбоо тасарч, юу болж байгаа нь тодорхойгүй байсан юм.

“Толо Ньюс” агентлагийн мэдээлж байгаагаар тус муж руу орох, гарах замууд нээгдэж, харилцаа холбоо эргээд сэргэсэн. Харин одоогоор бүс нутгийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээгүй хэвээр байна гэжээ.

Энэ сарын 6-ны өдөр талибанчууд Панжширийн стратегийн байршлуудад хяналтаа бүрэн тогтоож, эзлэн авснаа мэдэгдсэнээс хойш бүс нутагт харилцаа холбоо тасарсан юм. Харин одоо талибанчууд тус мужийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэдгээ мэдэгджээ.

Панжширийн нөхцөл байдлын талаар ийнхүү сураг гарсан бол Кабул дахь нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал шийдэгдээгүй, жагсаал цуглаанууд үргэлжилсээр байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр талибанчууд Афганистан дахь Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, оронд нь Исламын чиг баримжаатай яамыг байгуулах болсноо мэдэгдсэн. Энэ яам нь цэрэг татлага, цэргийн асуудал хариуцан ажиллах чиглэлтэй аж. Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны нэр болон тамга тэмдгийг хэдийнэ өөрчилсөн нь талибанчууд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална” хэмээн олон улсад өгсөн амлалтдаа хүрэхгүй байгаагийн тод жишээ гэж хуучин яамны ажилтнууд үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Панжширийн харилцаа холбоо сэргэж, орох, гарах зам нээгдлээ  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй