Шууд Chart

Энэтхэг “Covax” хөтөлбөрт коронавирусний эсрэг вакцинаа дахин нийлүүлэхээр боллоо

2021-09-22 15:53:45

Өнгөрсөн хавраас Энэтхэг улсад коронавирусний халдварын тархалт огцом нэмэгдэж эхэлсэн. Энэ үед коронавирусний хүндрэлээр нас баралт оргил үедээ хүрч байсан тул ДЭМБ-аас хэрэгжлүүлж буй “Ковакс” хөтөлбөрт нийлүүлэх вакцинжуулалтаа зогсоож, өөрсдийн хүн амаа вакцинжуулж эхэлсэн юм. Харин вакцин нийлүүлэлтээ түр зогсоогоод байгаа Энэтхэг улс энэ хугацаанд вакцин үйлдвэрлэх хүчин чадлаа улам нэмэгдүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн 4 дүгээр сарынхаас хоёр дахин их хэмжээний вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болсон гэсэн үг. Харин ирэх аравдугаар сар гэхэд вакцин үйлдвэрлэх одоогийн хүчин чадлаа 300 сая тунгаар буюу дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мансүх Мандавия мэдэгдсэн юм. Тэрбээр Ковакс хөтөлбөрт вакцин нийлүүлэх талаар ярихдаа “Эхлээд бид дотоодын хэрэглээгээ хангана. Дараа нь зөвхөн илүү гарсан вакцинаа Ковакс хөтөлбөрт  нийлүүлж, ядуу буурай орнуудад вакцины тусламжаа хүргэх болно” гэсэн юм.

Харин Энэтхэгийн биологийн компаниуд шинэ төрлийн вакциныг гаргахад бэлтгэж байна. Хэрэв шинэ вакцинаа гаргаж баталгаажуулвал энэхүү вакцины үйлдвэрлэл 1 тэрбум тунгаас давж магадгүй төлөвтэй байна. Энэтхэг улс вакцины экспортоо зогсоохоос өмнө дэлхийн 100 оронд 66 сая тун вакцин хандивласан тухайгаа мэдэгдэж байсан юм.

Мөн Энэтхэг улс 12 дугаар сар гэхэд 944 сая насанд хүрсэн иргэдээ бүгдийг нь вакцинжуулах зорилт тавьсан байна. Одоогийн байдлаар тус улсын насанд хүрсэн иргэдийн 64 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 22 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч компаниуд жилд 3 тэрбум тун коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг “Covax” хөтөлбөрт коронавирусний эсрэг вакцинаа дахин нийлүүлэхээр боллоо  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй