Шууд Chart

Антонио Гутерриш: Дэлхийн дулаарал аюулын харанга дэлдээд байна

2021-09-22 16:11:05

Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа  НҮБ-ын Ерөнхий ассамблейн дэлхийн дээд хэмжээний нээлтийн үеэр Антонио Гутерриш дэлхийн удирдагчдад хандан түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, сэргээгдэх эрчим хүчид хөрөнгө оруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах бодлогыг илүү хурцаар хөндөх цаг нь болсон гэлээ. Одоогоор "Их 20" -ийн орнуудын авч байгаа арга хэмжээнүүд Парисын хэлэлцээрт нийцэхгүй байгааг тэрбээр шүүмжилсэн юм. Дэлхийн дулаарлын тухай гаргасан НҮБ-ын хамгийн сүүлийн тайлан бол хүн төрөлхтөнд улаан дохио ассаныг сануулсан. Дэлхийн улс орнууд баян ядуугаараа хуваагдахгүйгээр бүгд хувь нэмрээ оруулах ёстой. Үүний тулд өндөр хөгжилтэй эдийн засаг сайтай орнууд ядуу буурай орнуудад хөрөнгө оруулах хэрэгтэй хэмээн уриаллаа.

Харин Гутеришийн дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн улс орнууд хамтдаа сорилтуудыг даван туулах болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампаас эрс ялгаатай нь Жо Байден буурай орнуудад өгөх санхүүжилтээ нэмэгдүүлнэ гэж зарлаагүй ч дэмжлэг үзүүлэхээ амласан юм. Жо Байден мөн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх байгаль орчныг хамгаалахад улс орнуудыг уриалах удирдагч байхаа амласан юм. Энэхүү чуулган нь дэлхийн удирдагчдын ирэх аравдугаар сард Ром хотноо болох “Их 20”-ийн өмнөх олон улсын хамгийн том арга хэмжээ болж байна. “Их 20”-ийн уулзалтын дараа Шотландад НҮБ-ын цаг уурын бага хурал болно.

Харин Атонио Гутерришийн хэлсэн үгс, мөн түүний тэвчээргүй байдал нь тэнд цугласан дэлхийн удирдагчдын бухимдлыг төрүүлсэн байна. Тухайлбал, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро “НҮБ Амазон дахь ой модыг устгахыг зөвшөөрсөн байж” хэмээн дургүйлхэж байсныг зарим хэвлэлүүд онцолж байсан юм.

Антонио Гутерриш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ирэх таван жилийн бүрэн эрхээ эхлүүлэхээр бэлтгэж байгаа энэ үед түүний тухай шүүмжлэлүүд гарсаар байна. Тухайлбал, түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг суудлаасаа бууснаас хойш харьцангуй “зөөлөрч” эхэлсэн гэдэг шүүмж гарсан юм.

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар даваа гарагийн орой Манхэттэн зочид буудалд богино уулзалт хийж, "НҮБ ба АНУ-ын хооронд хамтын зарчим үнэт зүйлд тулгуурласан бат бөх түншлэлийг баталлаа" гэж мэдэгдсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Антонио Гутерриш: Дэлхийн дулаарал аюулын харанга дэлдээд байна  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй