Шууд Chart

БНХАУ дэлхийн улс орнуудад хандивлах вакцины тунгаа 2 тэрбумд хүргэнэ

2021-09-23 11:18:01

Ерөнхий ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдөр БНХАУ-ын дарга  Си Жиньпины  мэдэгдлээр өндөрлөсөн. Тэрбээр олон улсын удирдагчдад  хандсан мэдэгдлээ өмнөх  жилийнхтэй  адилаар дүрс бичлэгээр урьдчилан  илгээсэн байна. Түүний  мэдэгдэлд коронавирусний  цар тахал,  уур  амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл  гол   байр суурийг  эзэлж  байв.

Мөн дэлхий нийт нүүр тулаад  байгаа  хүнд  энэ  цаг  үед  улс  төрийн хариуцлагатай  удирдагч  бүр зоригтой, үүрэг хариуцлагаа ухамсарласан  түүхэн  чухал  шийдвэр   гаргах  хэрэгтэй болоод  байгааг  юун  түрүүнд  онцолж байлаа. Тэрбээр  хүн  төрөлхтний ирээдүйн хувь заяаны  төлөө  цар тахлын  эсрэг тэмцэлд  ялалт байгуулах нь  чухал  байгааг  тэмдэглээд  үүний тулд  тус улс  нэмэлт хүчин чармайлт гаргахаа  амласан  юм. 

Тодруулбал, БНХАУ  энэ  оны  эцсээр  дэлхийн   улс орнуудад хандивлах коронавиусний  вакцины  тунгаа 2 тэрбумд  хүргэхээр  төлөвлөж  байгааг  тэрбээр НҮБ-ын  чуулганы Ерөнхий санал  шүүмжлэлд  зориулж илгээсэн мэдэгдэлдээ тэмдэглэн хэлсэн  байна.  Үүний зэрэгцээ Хятад  улс  Ковакс  механизмд  нэмэлтээр  100 сая  ам.доллар хуваарилж  хөгжиж буй  улс орнуудад  100  сая  тун  вакцин   хандивлахаа  мэдэгдлээ.  Үүний  зэрэгцээ Хятад  улс уур  амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд   агаар мандал дахь хорт хийн хаягдлыг  бууруулах  тодорхой алхам  хийхээ  зарлалаа. Тодруулбал  Хятадын дарга  хилийн  чанадад  нүүрс  ашигладаг  цахилгаан  станц  барих  шинэ төслүүдэд  оролцохгүй гэдгээ  мэдэгдлээ.

БНХАУ-ын дарга Си  Жиньпин: БНХАУ 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтын  хэмжээгээ  эрс  бууруулж  2060  он  гэхэд  агаар мандалд  хорт  хийн хаягдалгүй  улс болох  зорилт  тавин  ажиллаж байна.  Үүний тулд  асар их хүчин чармайлт  шаардагдах ч  бид  чадах  бүхнээ хийх  болно.  Хятад  улс  гадаад улс  орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих  шинэ  төслүүдэд  оролцохгүй.  Харин  хөгжиж буй орнуудын ногоон,  нүүрстөрөгч багатай хөгжлийг бүх  талаар  дэмжих  болно.

Хятадын  дарга  мөн  Бээжин бусад  улс  руу түрэмгийлж, ноёрхлоо тогтоох  оролдлого хийж байгаагүй, хийх  ч үгүй гэдгийг дахин мэдэгдсэн. Түүнчлэн  харилцан хүндэтгэл,  харилцан  ашигтай хамтын ажиллагаан дээр үндэслэсэн олон улсын  харилцааны зарчмыг  амьдралд хэрэгжүүлж  эв  санаа нэгтэй байхыг  дэлхийн  улс орнуудад  хандаж  уриалсан юм.

Хэдийгээр улс орнуудын хооронд санал зөрөлдөөнтэй, эсрэг  тэсрэг  байр суурь бүхий асуудлууд  байдаг ч  тэгш  эрх, харилцан хүндэтгэсэн  хамтын  ажиллагаа,  яриа хэлэлцээ онцгой чухал гэж үзэж  буйгаа  илэрхийллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ дэлхийн улс орнуудад хандивлах вакцины тунгаа 2 тэрбумд хүргэнэ  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй