Шууд Chart

ОХУ, БНХАУ, Пакистаны тусгай төлөөлөгчид Кабулд айлчиллаа

2021-09-23 15:42:35

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Афганистаны шинэ засгийн газартай зөвлөлдөх уулзалт хийсэн тухай мэдээллээ. Тус зөвлөлдөх уулзалтад БНХАУ, ОХУ, Пакистан улсуудын тусгай төлөөллүүд оролцож Талибаны эрх баригчидтай цаашдын хамтын харилцаагаа өргөжүүлэх тухай хэлэлцсэн байна.

ОХУ, БНХАУ, Пакистаны тусгай төлөөлөгчид Афганистаны шинэ засгийн газрын гишүүдтэй энэ сарын 21, 22-нд Кабулд уулзжээ. Талууд хоорондын эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, Афганистан дахь улс төрийн өөрчлөлтүүдтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг нухацтай хэлэлцсэн аж. Уулзалтын үеэр Афганистаны засгийн газрын хүртээмжтэй байдал, хүний эрх, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх асуудал дээр эдгээр гурван улс онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцжээ.

ОХУ-ыг Афганистан дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Замир Кабулов төлөөлж оролцсон бөгөөд гурван улсын тусгай төлөөлөгчдийг Афганистаны ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, гадаад хэргийн сайд, сангийн сайд болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзсан болохыг тэмдэглэжээ. Талибаны тал ОХУ, БНХАУ, Пакистантай харилцаагаа ахиулахад онцгой анхаарал хандуулж, Афганистаны энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гурван улсын үүрэг хариуцлагыг онцлон тэмдэглэсэн юм. 

Харин зөвлөлдөх уулзалтын дараа Пакистаны ерөнхий сайд Имран хан хөрш зэргэлдээх Афганистан улсын тухай хэд хэдэн чухал зүйлийг онцолсон. Тэрбээр Талибанчуудын дунд сургуулийн охидод хориг тавьж байгаа үйлдэл нь Исламын шашны номлол сургаалд хэзээ ч нийцэхгүй зүйл гэжээ. Афганистаны нөхцөл байдал Талибанчуудыг засгийн эрх авсан 8 дугаар сарын 15 хойш эрс өөрчлөгдөөд байна. 

Энэ талаар Пакистаны ерөнхий сайд Имран Хан хэлэхдээ, "Талибанчууд манай улсад шинэ засгийн газраа хүлээн зөвшөөрүүлэх хэд хэдэн болзол бий. Үүний нэгдүгээрт эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг нээлттэй үлдээх.  Эмэгтэйчүүд боловсрол эзэмших нь исламын шашны үнэт зүйлд харшлах үйлдэл биш. Хоёрдугаарт манай улсад заналхийлэх ямар ч террорист бүлэглэлийг нутагтаа орогнуулахгүй байх ёстой. Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа хийсэн мэдэгдэл нь олон охид эмэгтэйчүүдэд урам зоригийг түгээсэн. Тэд удахгүй амлалтдаа хүрч охидыг сургуульд сургана гэдэгт итгэлтэй байна" хэмээн илэрхийллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, БНХАУ, Пакистаны тусгай төлөөлөгчид Кабулд айлчиллаа  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй