Шууд Chart

Мөрдэстэй эмч, ажилтнууд буухиа тэмцээнд өрсөлдөж байна

2021-09-24 10:17:05

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааг энэ сарын 23-ны өдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд зохион байгууллаа.

Энэхүү нээлтийн ёслолд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хил хамгаалах Ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Батбаатар болон бусад албан тушаалтнууд, баг, тамирчид оролцсон юм.

Цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтний багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна.

Уг тэмцээнийг ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан өнгөрсөн жилийн намар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж байсан бол энэ жилээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явуулж байгаагаараа онцлогтой ажээ.

Тэмцээнд ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн болон Тусгай хүчний цэргийн командлал, БИЦУГ, Цэргийн төв эмнэлгээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг, тамирчид өрсөлдөж байна.

Энэ талаар ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Оюунцэцэгээс тодруулахад "Цэргийн эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр энэхүү буухиа тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх ба тэмцээний эхний өдөр оролцогч багууд багийн нэгдсэн ажиллагаа, ур чадвараараа маш ширүүн өрсөлдлөө. Тэмцээний хоёр дахь өдөр хувь хүний буюу багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачны ур чадварыг сорьсноор нэгдсэн дүн гарна. Нэг баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд байгууллага бүрээс шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, авьяас, ур чадвараараа сорьж буй болохоор тэмцээнийг улам сонирхолтой бас өрсөлдөөнтэй болгож байгаа" гэдгийг онцоллоо хэмээн Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Мөрдэстэй эмч, ажилтнууд буухиа тэмцээнд өрсөлдөж байна  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй