Шууд Chart

Д.Сумъяабазар: “Эрчис ойл” компанид хувийн оролцоо байхгүй

2021-09-25 07:23:22

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хотын даргын хамаарал бүхий “Эрчис ойл” компани 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Шатахуунтай холбоотой асуудал сүүлийн үед иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа. АИ-92 бензиний хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд бий. Шатахууны томоохон зах зээл нь Улаанбаатар хот гэсэн үг. Нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дордсоны шинж гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд харж байгаа. “Эрчис ойл” компанитай холбоотой асуудлыг зарим сэтгүүлч өөрсдийн өнцгөөс мэдээлэн, нийгэмд худал ташаа ойлголт түгээж байна. Тухайн компанийн дотоод зохион байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй мөртлөө буруу зөрүү мэдээлэл өгч, хүнийг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байгаа. “Эрчис ойл” компанийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Үүний үр дүнд тухайн үед намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой түвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан юм. Үнэ тогтвортой байсан, цаашдаа ч тогтвортой байх бололцоотой байлаа. Харамсалтай нь тухайн үед байсан төрийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудал дээр цэвэр бодлогын алдаа гарсан гэж харж байна. Үүнээс үүдэн хангамжийн асуудал дээр ч цэвэр бодлогын алдаа гарлаа. Үнийн хамгаалалт дээр хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ-92 бензин 1600 төгрөгөөс дээш өсөхгүй байсан юм. 1550-1600 төгрөгийн хооронд үнийг барих боломжтой байлаа. Үүнтэй уялдаад шатахууны хангамжийн асуудлыг тогтвортой барих бүрэн бололцоотой байв. Зөв зүйлүүд дээр нь төрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна. Шатахууны нөөц бол байгаа. Тодруулбал, 17 мянган тонн буюу хагас сарын хугацаатай шатахууны нөөц хангалттай бий. Шатахууны салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүд хэт болгоомжлон, бензин хилээр орж ирэхгүй байх магадлалтай гэж урьдчилан сэргийлсний улмаас ийм асуудал үүссэн гэж харж байгаа. “Эрчис ойл” компанид хувийн оролцоо нэг ч байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Тус компани бол газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах чиг үүрэг бүхий газрын тосны үйлдвэр дор худалдааны эрхтэйгээр байгуулсан охин компани. Олон улсад газрын тосны үйлдвэрийн гаргасан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд худалдаалах эрхтэй охин компаниуд байдаг. Үүний нэг жишээ нь "Роснефть". Энэ бол ирээдүйг харсан зөв алхам байсан гэдгийг өөрийн зүгээс баттай хэлмээр байна. Үүнд ямар нэг хувийн сонирхол байхгүй. Хувийн сонирхлоор орох, оруулах ямар ч боломж байдаггүй гэдгийг хэлье.

-Нийслэлийн энэ оны төсвийн гүйцэтгэл ямар түвшинд байна вэ?

-2021 оны нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тааруу байна. “Ковид 19”-тэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаасны улмаас тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарсан. Нийслэлийн гол суурь орлого буюу нийт төсвийн 60.5 хувийг хүн амын орлогын татвар бүрдүүлдэг. Мэдээж аж ахуй нэгж байгууллагуудаас уг орлого бүрдэнэ. Одоогоор нийслэлийн төсвийн орлогыг төрийн албан хаагчийн цалингийн суутгал л бүрдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломж хумигдсан гэсэн үг. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үе шаттайгаар нээн, уян хатан зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: -Наймдугаар сарын байдлаар нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 84 хувьтай хэрэгжиж байна. Хотын дарга төсвийн орлогын тасалдлын талаар ерөнхий мэдээлэл өглөө. Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийслэлийн үйл ажиллагаа, дотоод төсөв, зардалтай холбоотой асуудлуудад өөрчлөлт хийхээр болж байна. Аравдугаар сарын 7-нд НИТХ хуралдаж, төсөвт тодотгол хийнэ. Одоогоор Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай 2022 оны нийслэлийн төсвийн талаар хэлэлцэж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна. Иймэрхүү асуудалтай холбоотойгоор хотын стандартыг хэрхэн тогтоох вэ?

-Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтцүүд үнэхээр хангалтгүй байгаа нь үнэн. Одоо байгаа замууд явган хүнд зориулсан таатай нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Ирэх жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод явган хүнд зориулан дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр тусад нь нэгж гарган, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход саадгүй байх, автомашины замтай огтлолцох огтлолцлыг цөөрүүлэх тал дээр бид бүхэн анхааран ажиллаж байгаа.


Д.Сумъяабазар: “Эрчис ойл” компанид хувийн оролцоо байхгүй  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй