Шууд Chart

Шинэ цагийн "чөдрийн ганц"

2021-09-27 09:30:49

Над шиг хүүхэд ахуй насныхаа зуны амралтыг хөдөө малчны амьдрал дунд өнгөрөөсөн хүмүүс энэхүү гарчгийн учгийг сайн мэдэх учиртай. Ганц морьтой айл түүнийгээ нийлүүлэх адуу үгүй тул чөдөрлөж, уналга, эдэлгээнд хэрэглэдэг юм. Энэ хүмүүс ганц морио манай “чөдрийн ганц” гэж хэлэх нь элбэг.

Манай Монголчууд эртнээс нааш хүүхдийг дөнгөж хөлд ормогц унага, даага зүсэлж өгч өөрийн гэсэн өмчтэй болгодог уламжлалтай байсан. Өмчийн эзэн зургаа, долоон наснаас морио унаж хурга, тугал эргүүлж, цаашлаад хонинд явж эхэлнэ. Өөрийн зүсэлсэн морио сэлгэх, уналга эдэлгээнд ашиглаж байх үедээ оройд аргамжих, чөдөрлөх, өглөөд авах, өдөр нь услахыг гол төлөв өмчийн эзэн хариуцан гүйцэтгэнэ. Иймэрхүү байдлаар нэг өрхийн хүмүүс бүгд зүсэлсэн морьдтой. Аавын хээр, ээжийн хул, ахын зээрд, эгчийн борлог, дүүгийн халиун гэх мэт.

Энэ өмчийн сэтгэлгээ орчин үед ч арилалгүй уламжлагдсаар иржээ. Энэ цагт боломжтой айлын насанд хүрсэн бүх хүмүүс хувийн машин унах болж. Өмнөх үеийн зүсэлсэн морьд орчин цагт шинэ, хуучин машинаар солигдсон байна. Ганц морьт уралдаан ч, ганц мэхт барилдаанч гэдэгчлэн тус тусын “чөдрийн ганц”-аа өглөө болгон унаад зорилготой, зорилгогүй өдөржин давхилдана. Хотын зам тодорхой тооны автомашины хөдөлгөөнд зориулсан хэмжээтэй учир хээр талаар өмчийн морио унаад дураар давхидаг шиг байдал нэгэнт үгүй болж түгжрэл, дүрэмгүй жолоочоос үүдэн баахан бухимдацгаана. Омогтой зарим нь үүнээсээ болж нударга зөрүүлж цагдаа, шүүхийн хаалга татна.

“Чөдрийн ганц”-ийн зовлон ихээ. Түгжирч түгжирч зорьсон газраа ирэхэд зогсоол олдохгүй зүдэрнэ. Арай гэж зогсох зай олоод чөдөрлөж орхиод ажлаа амжуулаад гараад ирэхэд нь аль хэзээний шинэ цагийн Тоорой Банди, Тогос Чүлтэм, Хангай Базар, Цахиур Төмөр ачаад явчихсан байна. Ялгаатай нь домог мэт шилийн эрс баячуудаас адуу хөөж ядууст тараадаг байсан бол шинэ цагийн шилийн эрс нь хашаандаа хашиж, хаалгаа дангинатал түгжчихээд торгууль, ялбар нэхээд суучихна.

Шилийн эрсийн хашаанд өнөө муу “чөдрийн ганц” өөр нэгний “чөдрийн ганц”-тай зэрэгцээд зогсчихсон “үүрсэж” байгаа аятай харагдана. Эзэн нь болсон хойно дуртай, дургүй шилийн эрсэд хэдэн янчаан тушаагаад чөдрийн ганц даа мордоод гэрийн зүг гэлдэрнэ. Өдөржин хотын гудмаар дүүрэн багшралдахыг нь харахаар азарга адуу шиг харагдавч ээлж солиогүй унаж байгаа нь яахын аргагүй “чөдрийн ганц”.

“Хошуу тамгын газар”-аас энэ олон чөдрийн ганцуудын учгийг олохгүй бол байдал улам л хүндрэх янзтай. Сүүлийн хэд хоног “чөдрийн ганц”-д маань “овьёос тэжээл” нь олдохгүй хэцүүхэн л байна. Гэвч өмчийн сэтгэлгээ арилаагүй Монголчууд энд тэндгүй дугаарласан ийм нэгэн өдөр өөрийнхөө “чөдрийн ганц” “улаан хээр” мориндоо суугаад ийнхүү сийрүүлэвээ.

Галбадрахын Ууганбаатар

2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот


Шинэ цагийн "чөдрийн ганц"  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй