Шууд Chart

Австрали улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "COP-26"-д оролцохгүй байх магадлал өндөр боллоо

2021-09-28 13:07:49

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ирэх 11 дүгээр сард Глазго хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэх дэлхийн удирдагчдын уулзалтад оролцохгүй байх магадлалтай байна. Учир нь түүний Засгийн газар үргэлжлүүлэн нүүрсээ олборлох уу, эсвэл уур амьсгалын эсрэг бусад түншүүдтэйгээ нэгдэх үү гэдэг хэцүүхэн сонголтын дунд гацсаар байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй дэлхийн 100 гаруй орны удирдагч энэ уулзалтад оролцох юм. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх уг уулзалтыг Австралийн ойрын холбоотон Их Британи зохион байгуулж байна. Австрали улсын хувьд "Их 20"-ийн бүлэгт багтдаг. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон "Бид "COP-26"-д оролцох эсэх дээр эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Миний хувьд цар тахлын үед хэд хэдэн оронд айлчилж тусгаарлалтын дэглэмд дэмий цаг хугацааг их үрсэн. Манай Засгийн газар 12 дугаар сард хорио цээрийн дэглэмээ цуцална. Дэлхийн улс орнуудын удирдагч нар ч мөн тусгаарлалтын дэглэмээ сулруулах шаардлагатай" гэж бөөрөнхийлсөн хариулт өгсөн байна.

Гэхдээ Скотт Моррисон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хуралд орохгүй гэх шалтгаан зөвхөн энэ биш бөгөөд тус улсын ашиг сонирхлыг хязгаарлах томхон сорилтоос зайлсхийж байгаа хэлбэр юм гэж ажиглагчид үзэж байна.

Австрали ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралд оролцохгүй шалтгааныг нь хэлүүлэхээр АНУ-аас шахалт үзүүлэхэд Скотт Моррисон ийм бөөрөнхий хариулт өгсөн байж болзошгүй. Австрали улс нүүрсний экспортоороо дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд Моррисоны Засгийн газар түүхий нүүрсний олборлолтоо 2030 оноос хойш ч үргэлжлүүлэх, мөн гадагш экспортлохоо мэдэгдсэн юм.

Гэтэл "COP-26"-ийн Ерөнхийлөгч Алок Шарма, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар дэлхий улаан дохио асаасан. Түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож сэргээгдэх эрчим хүч рүү шилжихгүй бол манай дэлхийн дундаж хэм “тамын халуун луу” дөхөж байна гэж мэдэгдсээр байгаа билээ. Мөн НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн тайлангаар үүнийгээ баталгаажуулсан юм. Түүнчлэн НҮБ 2030 он гэхэд нүүрсний хэрэглээгээ зогсоохыг хөгжингүй орнуудад уриалсан юм.

Тэгэхээр Скотт Моррисоны уг хуралд оролцохоос татгалзсан шалтгаан нь Австралийн нүүрс олборлолт болон дэлхийн удирдагчдын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүд урвуу хамааралтай болж байна гэсэн үг. Скотт Моррисон өөрийнхөө улсын эрх ашгийг хамгаалах уу, эсвэл өөрсдийн түнш улсуудтай найрсаг харилцах уу гэдэг хүндхэн сорилтод орсон гэсэн үг юм. 

Австрали улс өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлтийн төлөвлөгөөнийхөө талаар НҮБ-д албан ёсны мэдээллээ бүртгүүлэхдээ хүлэмжийн хийг бууруулах зорилтоо нэмэгдүүлээгүй цөөхөн хэдэн орны нэг юм. Энэ оны 12 дугаар сарын 31-ний тайлангаа сүр дуулиантайгаар илгээсэн бөгөөд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2005 оны түвшнээс 26-28 хувиар бууруулах зорилт тавьжээ. 

Гэтэл АНУ болон НҮБ-аас Австралид дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр бууруулахад хувь нэмрээ оруулахын тулд тус улсыг 2030 он гэхэд 2005 оныхоос 75 хувиар бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. 

Одоогоор дэлхийн 190 гаруй улс 2015 онд болсон Парисын хэлэлцээрт уур амьсгалын өөрчлөлтийг таслан зогсоохын тулд дэлхийн дулаарлыг аж үйлдвэрийн өмнөх түвшнээс хоёр хэмээр бууруулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.

Харин Австралийн зорилт нь АНУ, Европын холбоо, Их Британи зэрэг хөгжингүй орнуудын тавьсан зорилтоос доогуур түвшинд байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "COP-26"-д оролцохгүй байх магадлал өндөр боллоо  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй