Шууд Chart

Ж.Жанчив: Буруу зүйл бага хийсэн учраас одоог хүртэл ээж минь дэргэд байна даа гэж боддог

2021-10-14 08:20:45

Ирмэгийг нь ээтийлгэн донж оруулсан дамар малгайг хазгайдуухан тавьж, мотоцикл дээр зүүдэг төмөр хүрээ, резинэн оосортой салхины шилийг хайнгадуухан зүүж, цэргийнхэн өмсдөг урт савхин дээлээр гангарсан Ж.Жанчив хэмээх эрхэмийг Төмөр замаар ажил амьдралаа бүтээж яваа хүмүүс бараг андахгүй.

Алхаа, хөдөлгөөн хоёр шигээ хурдан шаламгай яриан дундаа алиа хошин хачир хавчуулан тас тас инээж явдаг түүнийг төмөр замчид "Шогшоо Жанчив" хэмээн нөхөрсгөөр хочилдог юм билээ. Эдүгээ гавьяаны амралтаа эдэлж байгаа ч хувийн хэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа түүнтэй уулзаж, ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та сайхан намаржиж байна уу?

-Сайхан намаржиж байна. Цар тахлын дэглэмтэй холбоотойгоор тэр бүр гэрээс гарахгүй л байлаа. Танай сайтаар дамжуулан төмөр замчидтайгаа уулзах тохиол бүрдсэнд баяртай байна.

-Таныг өөр салбараас төмөр зам руу "урвасан" хүн гэж сонссон ...

-Би одоогийн Монгол III арван жилийг төгссөн. Ижий аав минь, надад чанартай боловсрол эзэмшүүлэхийг л зорьж хотод сургасан байх. Хөдөөний хүүхэд учраас аравдугаар ангиа төгсөнгүүтээ төрөлх нутаг Төв аймгийн Лүн сум руугаа явж, тэндээсээ цэргийн албанд татагдсан юм. Холбооны ангид хуваарилагдсан. Алба хааж байхдаа хүнд хийе бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзэл хэчнээн байгаад ч мэдлэг боловсролгүй бол нэмэргүй юм байна гэдгийг илүүтэйгээр ойлгосон л доо. Намайг цэргээс халагдаад ирэхэд нэг танил маань "Чи холбооны чиглэлээр алба хаасан хүн. Тодорхой мэдлэг хуримтлуулсан байх. Телевизэд ажиллаад үзэх үү" гэсэн. Тухайн үед үндэсний телевиз байгуулагдаад удаагүй байлаа л даа. Ингээд гэрэлтүүлэгч, цахилгааны техникч, гэрлийн техникч гэхчлэнгээр гурван жил ажилласан. Дараа нь, шалгалт өгч тэнцээд Орос руу явж сурахаар болсон. Тэр үед их сургуулийн элсэлт авахдаа арван жилийн хүүхдүүдээс гадна ажилчдыг бас хамруулдаг байсан юм. Багш нар маань ч инженер болох зорилготой хүүхдүүдийг математик, физикийн хичээлээр сайн шахдаг байсны л ач шүү дээ. Холбооны мэргэжлээр би нэгдүгээрт жагссан ч "Хоёрт жагссан өөрийнхөө хүнийг сургана. Чи нэгэнтээ л шалгалтаа сайн өгсөн юм чинь боловсролын хороо ярьж байж шийднэ" гэсэн. Тухайн үед Геологи уул уурхайн яаманд төмөр замын инженерийн ангид нэг хуваарь сул байж таарсан. Ингээд л би Ленинград хотын Төмөр замын дээд сургуульд элсэн 1982 онд ашиглалтын инженерээр төгссөн юм.  Шууд мэргэжлээр минь ажиллуулах орон тоо байгаагүй байх. Тухайн үед "Эрэл геофизикийн экспедици" гэж байлаа. Тэнд 300 гаруй авто машинтай баазад механикчаар томилсон. Намайг Оросод төгссөн инженер гэдэг утгаар нь ч тэр үү богино хугацаанд дэвүүлж баазын дарга болгосон юм даг. Мэргэжлийн бус ажлаа хийнэ гэдэг амаргүй юм билээ. Найман сарын дараа шиг санагдана, 1983 онд Улаанбаатар өртөөнөөс холбогч, найруулагч гээд л төмөр замчдын дамждаг шат дамжлагаар л явсан. Намайг сайн мэдэхгүй хүн бол "гаднаас орж ирсэн" хүн гэж ойлгодог байсан байх.

-Өөр салбараас гараагаа эхлүүлснийг хэлэх үү онолын мэдлэг бодит амьдрал хоёрын хооронд их зааг ялгаа байсан байх. Таны хувьд жинхэнэ  төмөр замчин болох замнал хэр урт байв?

-Хөдөлгөөний чиглэлээр бол Улаанбаатар өртөөний хамт олон намайг ёстой хүмүүжүүлсэн. Амгаасэд, Сүхээ, Гүр гээд л лут хүмүүс тэр үед ажиллаж байлаа шүү дээ. Өнөөгийн Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Н.Ширнэндугар тэргүүтэй сайчуул ч хамт ажиллаж байлаа. Ширнэн маань ч их тусалсан. Нэг удаа "Би салаа зам руу явчих уу" гэтэл мань хашир "Хөдөлгөөн ихтэй үед чи дов дээрээ л ажилла" гэж байна. Би хэдий инженерээр төгссөн ч түрүүлж ажилласан туршлагатай хүмүүстэй зөрж болохгүй шүү дээ. "За" л гэлээ. Орой ээлжнээсээ буух үед Н.Ширнэндугар "Чи их азтай нөхөр юм аа. Хэн нэгэн нь суман шилжүүлгээ дундын байдалд тавьчихсаныг илрүүллээ" гээд сумыг дундын байдалд тавьж огт болохгүй, тийм байдалтай байна уу үгүй юу гэдгийг байнга шалгаж байх ёстой гээд л зөвлөж билээ. Нээрэн л би тэнд гарч таарсан бол тэдэн шиг сайн шалгахгүй вагон "хэвтүүлж" сүйд хийх байсан байх. Ачаа тээврийн чиглэлээр харин АБТЭМА-иас би олон зүйл сурсан. Тэнд байхдаа хүнтэй харилцах харилцаа минь л эвдэрсэн байж магадгүй. Тэр үед "хүмүүжээд" гарсан "хүнд гарууд" ачигчаар ажилладаг байв. Тэдэнтэй эв зүйгээр ярьж байгаад цааш болонгуут "Энэ нэг юм намайг гуйж гувшиж байгаад л явлаа" гэнэ. Харин хашгичиж байгаад явахад "Дарга маань ч харин сайхан үүрэг өглөө дөө" гэх жишээтэй (инээв).

-Таныг Замын-Үүд өртөөг маш сайн удирдсан гэж хууччуул ярьдаг?

-1992 онд намайг "Замын-Үүд рүү яв" гэв. Би ч "явахгүй" л гэлээ. Зах зээлийн шилжилтийн ороо бусгаа цаг, Замын-Үүдийн нөхцөл байдал амаргүй байлаа. Гэтэл Я.Товуухорол тийшээ явав. Манай Товуу их сайн хүн шүү дээ. Би алба руу шилжиж, ачаа тээврийн ахлах байцаагчаар томилогдов. Тэр үед Төмөр замын техникумд сурч байсан охины маань төлбөр нэхэгдэв. Боловсон хүчнээсээ "Төмөр замд ажилладаг хүний хүүхдийнх нь төлбөрийг төлдөг гэсэн. Намайг түүнд нь хамруулж өгөх боломжтой юу" гээд л асуулаа. Боловсон хүчин над руу хараад инээснээ "Сайн ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудаа бодлогоор дэмждэг. Болохгүй гэх зүйлгүй шүү дээ" гэж байна.  Нөгөөдөр нь Жанцандорж дарга дуудаад, "Чи хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой юм яриад байна гэв үү" гэж байна. "Тиймээ" л гэлээ. Тэгсэн "Чи тэгээд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх юм уу" гэв. Дотроо "Дархан юмуу Эрдэнэт рүү томилох байх. Хангай юм чинь яах вэ дээ. Тэнд нь очоод ажиллая" гэж бодсон. "Биелүүлэлгүй яах вэ, даргаа" гэлээ. "За би дарга нартай зөвлөдөе. Гараад хүлээж бай" гэж байна. Хэсэг хугацааны дараа дуудаад. "За чи өгсөн үүргийг яг биелүүлнэ биз" гэж ам аваад, "Тушаал гарна. Чи Замын-Үүд рүү явж ажилла" гэдэг байгаа. Барайгаад л явчихна биз дээ. Эхнэртэйгээ ярьтал, зөвшөөрч байна. Ингээд л ажил сайжруулах гурван жилийн үүрэгтэйгээр Замын-Үүд рүү мордсон доо. Тэнд очоод жирийн харилцаагаар бус ёстой л хатуу зарчмаар үзсэн. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй л бол өршөөлгүйгээр арга хэмжээ авдаг байлаа. Архины асуудал нэлээд яригдана. Төмөр замд намайг муу нэрээр дурсдаг бол тэнд ажиллаж байсан цаг үеэс л үүдэлтэй байх болов уу. Ингэж ажилласныхаа үр дүнг ч гаргаж Замын даргын хаврын үзлэгээр эхлэн "Онц"-оор дүгнүүлж эхэлсэн. Товуухорол маань ч нэлээд цэгцэнд оруулсан байсан л даа.

-Хатуу ч үүрэг авч, хатуу ч арга барилаар ажиллаж дээ ...

-Ажлын байрандаа архи уусан олон ч хүнд хатуу арга хэмжээ авсан даа. Нэг талаар өөртөө нүгэл хураасан л байх. Гэхдээ "Хамгийн баян хүн гэдэг ижийтэйгээ хамт хөгширч байгаа хүнийг хэлнэ" гэдэг шүү дээ. Би бол 91 настай ээжтэйгээ хамт байгаа баян хүн. Тэгээд боддог л доо. Хэдий хүнтэй хатуу ширүүн харьцаж явсан ч ор үндэслэлгүй хэлмэгдүүлж байгаагүй л юм болов уу гэж. Архи уудаг хүнтэй адилхан уусан үедээ яривал илүү ойлголцдог ч гэж ярьдаг. Миний хувьд эрүүлдээ байнга хашхичиж зандарч явсан болохоор согтоод хашгирсан ч чанарын ялгаа гарахгүй. Хүмүүс намайг архи уудаггүй гэж ярьдаг ч үнэндээ бол би ууж л байсан. Уухдаа хэмжээнээс хэзээ ч хэтрүүлж байгаагүй. Бүр сүүлд Төмөр замчдын баяраар л нэг удаа согтсон. Оюутан ахуй цагаасаа хойш төмөр замчдын дунд хязгаараа давтал уусан минь ердөө л тэр.

-Таныг төмөр замчид "Шогшоо Жанчив" гэж нөхөрсгөөр хочилдог юм билээ. Яаруу зан таны төрөлхийн араншин уу, төмөр замаас олж авсан хүмүүжил үү?

-Надад төмөр зам үүнийг заасан байх гэж боддог. Яагаад вэ гэхээр манай салбарт худал мэдээллээр ажиллаж огт болохгүй. "Өгөгдөхүүн буруу байхад ямар ч зөв томъёогоор бодсон хариу нь буруу гардаг" гэдгийг орос багш нар маань ч заадаг байлаа. Тиймээс ташаа мэдээлэл авахгүйн тулд ажлын нөхцөл байдлыг яг өөрөө биечлэн харах сонирхолтой хүн л дээ, би. Аав ээж хоёр минь надад өөрөө өөрийнхөө шийдвэрт бат зогсож, өөрийнхөө хийсэн зүйлд өөрөө хариуцлага хүлээх ухамсрыг л маш сайн төвлөвшүүлсэн юм болов уу. "Хотод төгсөөд их сургуульд явсангүй" гэж загнасангүй. Хэзээ хойно оюутан болох гэхэд минь "Чи чадахгүй" гэж хорьсонгүй. Би ерөөсөө л өөрийнхөө зарчмаар амьдарсан. Хэнд ч харамсах шалтгаангүй.

-Та харьцангуй богино хугацаанд удирдах албан тушаалд томилогдож. Тухайн үеийн удирдлага хэрэгтэй хүнээ зөв олж хардаг байсны л жишээ юу?

-Би дарга гэдэг албан тушаалд нэлээд удаж байж очсон шүү дээ. 1994 онд буюу 10-аад жилийн дараа Зорчигч тээврийн албаны орлогч даргаар томилогдсон. Түүнээс өмнөх нь бол бүгд гүйцэтгэх албан тушаал. Дарга гэдэг нэр авснаараа дарга болчихдог юм биш шүү дээ.

-Зорчигч тээврийнхэн таныг их хүндэлдэг юм билээ. Замын-Үүдэд бол хатуу зарчмаар ажилласан гэсэн. Харин олон эмэгтэй хүнийг удирдан чиглүүлэхэд их нарийн ухаан шаардсан байх ...

-Чиний удирдлага доор хэдий чинээ олон хүн байна тэр хэмжээнд бусадтай харьцах харьцаандаа онцгой анхаарах ёстой юм билээ. Ялгавартай үзэл огт гаргаж болохгүй. "Манай дарга ажлаа сайн мэддэг. Дутагдал гаргасан л бол хэн ч байсан авах ёстой арга хэмжээг нь яс авч чаддаг" гэсэн дүгнэлтийг л хүн бүрт төрүүлчихвэл өдөр бүр нервтээд байх шаардлагагүй болдог. Манай Зорчигчийн вагон депогийнхон маш ажилсаг шүү дээ. Дээр нь хоорондоо маш сайн уялдаатай. Тэр хэрээрээ мэдээллийг асар богино хугацаанд авна. Нэг үе "Зорчигчийн вагон хоорондын замд их бохир явж байна" гэсэн яриа гараад байхаар нь шалгах санаатай хэрэндээ өөрийгөө явж байгааг мэдэгдүүлэхгүй төлөвлөгөө зохиогоод суутал тэр дор нь мэдчихэж билээ. Түүнээс хойш ажил шалгах шаардлага гарвал ачааны галт тэрэгний зүтгүүрт сууж явж байгаад л суудалтай зөрөх үед нь гэнэт ордог болсон (инээв). Дарга явах үед ажил сайн, бусад үед олны хэл үгний бай болоод байж болохгүй шүү дээ. Ямар ч үед жигд байх ёстой. Ер нь, аливаа дутагдлын үндсэн шалтгааныг нь зөв олж тогтоогоод, эрүүлжүүлээд явбал тэгээд л болчихдог. Даргаар ажиллаж байхад матаас их ирнэ л дээ. Тухайн хүнд би "Асуудлыг тэмдэглэж авлаа. Шаардлагатай арга хэмжээг авна. Гэхдээ та зөв бурууг тогтоодог шүүгч биш шүү дээ" гэж хэлдэг байсан. Ер нь, өөрөө л хараагүй бол хүний амаар хэзээ ч шийдвэр гаргаж байгаагүй. Өнөөгийн нөхцөлд бол бодит байдлаас илүү ам дамжсан цуу яриа л хүнийг сүйтгэж, голд нь ортол гомдоож байгаа харагдах юм. Хөндлөнгийн мэдээллийг заавал тулгаж, нягталж байх ёстой.

-Та төмөр замын салбарт чадварлаг удирдагчийн дүрээр өөрийгөө маш сайн бэлтгэж, амьдралд хувь хүнийхээ дүрийг хэр сайн бүтээсэн гэж боддог вэ?

-Эргээд бодоход би аавынхаа нэг тал нь юм болов уу. Манай аав ар гэрийнхээ үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Малчдын л амьдрал юм болохоор өглөө сэрэхэд адуундаа мордсон байна. Ер нь, байнга л малынхаа араас хөдөө хээр явдаг хүн байсан. Сүүлд багийн засаг дарга, сумын засаг дарга, сум нэгдлийн дарга гэхчлэнгээр сонгуульт ажлаараа ажилласан. Түүний л адилаар манай ар гэрийн амьдрал, хүүхдүүдийн сургалт хүмүүжлийг хань минь л бүхэлд нь аваад явсан. Замын-Үүдэд ажиллаж байхдаа "Эхнэрийг минь аваад ирээрэй" гээд суудлынханд захина. Нөгөөдүүл маань "Байцаагч нарт баригдчихгүй бол тэгье ээ" л гэнэ. Манай хүн аль хэдийнээ баригдчихсан. "Танайхан мөн ч сайн шалгах юм аа" гэсээр бууж ирдэгсэн. Нэг гэр бүлийн хүмүүс тусдаа ажиллаж амьдрах л хэцүү юм билээ. Гурван хүүхэд минь гурвуул төмөр замчин. Удирдах албан тушаалд байхад минь ойр тойрны хүмүүс "Хүүхдээ дээш нь татаач" гэж хэлж л байсан. Би бол "Түүхийгээрээ амьтныг юун татах" гээд л тас эсэргүүцдэгсэн. Өнөөгийн залуусыг хөндлөнгөөс харахад өөрийгөө бүрэн боловсруулаагүй байж л удирдах албан тушаалд очоод, хамт олондоо гологдоод байх юм. Хүүхдүүд ааваараа бахархаад л ярьдаг шүү дээ. Манай хүүхдүүдийн хувьд аав нь хүмүүсийг загнаж явсан "ааш муутай" хүн учраас "Би Жанчивын хүүхэд" гэж ярьдаггүй байх. Нэг ёсондоо ч би "муу" аав даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Жанчив: Буруу зүйл бага хийсэн учраас одоог хүртэл ээж минь дэргэд байна даа гэж боддог  
Үзсэн: 2892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй