Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар өнөөдөр Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлээд байна. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм.
Барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер зэрэг бүх ажлыг ДЭМБ 100 хувь хариуцан ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын тендерт MCS Property компани шалгарчээ. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг ч ДЭМБ зохион байгуулж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэрийн 78 төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг дээрх санхүүжилтийн хүрээнд нийлүүлж, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явагдаж байна.
Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд өнөөдөртанилцууллаа. Барилга угсралтын ажлыг тасралтгүй, хяналттай явуулахын тулд 7 хоног бүр ажлын төлөвлөгөө, тайлан гаргаж, бүх оролцогч талууд ажлын явцын талаар мэдээллээ солилцон ажиллаж байгаа ба ямар нэгэн ажил хоцрогдох, цалгардах нөхцөл үүсгэхгүй байхад анхаарч буйгаа онцолж байв. Барилга угсралтын ажил дууссаны дараа тоног төхөөрөмж угсрах, туршилтын ажлуудыг дараагийн баг хийж гүйцэтгэн 2026 оны 1-р улирлын төгсгөлд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр тус ажлын явцтай танилцах үеэрээ, Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн чанарыг шинжлэх үндэсний лавлагаа лаборатори болох учраас барилгын цахилгаан, дэд бүтэц, агаарын филтер зэргийг маш сайн анхаарч ажиллахыг гүйцэтгэж байгууллагын төлөөлөлд хэллээ. Монголын эмийн чанарыг шинжлэх, чанарын баталгаатай гэдгийг зарлах үндэсний лавлагаа лабораторитой болох ажлыг ДЭМБ-иас санхүүжүүлэн хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байгаагаа мөн илэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинэжилгээ хийж байна.
Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх нөхцөл бүрдэнэ.
Үүнээс гадна эмийн үнэ, эмийн сангийн байршлыг харах https://em.hdc.gov.mn/ вэб сайт хэрэглээнд нэвтрээд байгаа нь эмийн үнийг иргэдэд нээлттэй болгох, сонголт хийхэд нь хяалбаршуулсан ажил болоод байгаа юм. Энэхүү цахим системийг иргэд хэрэглэж хэвшсэнээр эмийн үнэ иргэдийн хяналтад орж эмийн үнийн хөөрөгдөл арилах нөхцөл бүрдэх бол барилгын ажлын шатандаа яваа Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсноор эмийн чанарын асуудлыг манай улс хяналтдаа бүрэн оруулж чадахаар болох юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 3780 эм бүртгэлтэй байгаа бөгөөд 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.
| Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно | ||
| Үзсэн: 96 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.