Шууд Chart

Б.Анура: Бүх хэвшмэл ойлголтыг залуу үе өөрчилж чадна гэж боддог

2021-10-21 08:39:10

“Редакцын зочин” буландаа Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Бямбацогтын Анураг урьж ярилцлаа.

-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Урьсанд баярлалаа. MNB.mn сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бямбацогтын Анура гэдэг. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг.

-Таны нэр маш өвөрмөц юм. Ямар утга учир агуулдаг вэ. Та өөртэйгөө ижил нэртэй хүнтэй уулзаж, таарч байсан уу?

-Баярлалаа. Ээж маань маш их хайж, судалж байж өгсөн нэр болохоор том болсон хойноо утгыг нь мэдээд нэрэндээ улам дуртай болсон. Орос хэлээр амьдралыг хамгаалагч сахиус гэсэн утгатай мөн санскрит хэлэнд сарны зурхайн ёсны хорин найман одны нэг, хилэнцийн ордын дөрвөн одыг хэлдэг юм билээ. Охиндоо нэрийг тань өгөх гэсэн юм утгыг нь тайлбарлаж өгөөч гэсэн хүмүүс надтай цахимаар холбогдож байсан. Надтай адилхан нэртэй хүмүүс бий, гэхдээ яг уулзаж байгаагүй юм байна.

-Яагаад хууль хүчний тэр тусмаа цагдаагийн байгууллагад ажиллахаар шийдсэн бэ. Ийм шийдвэр гаргахад нь нөлөөлсөн зүйл бий юу?

-11 настайдаа сэтгүүлч болох тухай шийдвэр гаргасан. Тухайд үед "Дэгдээхий нас" сониныг бэлтгэж гаргадаг, ангийн багш маань ч их дэмждэг  байсан. Энэ чиглэлдээ их сонирхолтой, шүлэг бичих, унших дуртай сурагчийн нэг байлаа. Аавынхаа ачаар сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан. Тийм ч утгаараа ном унших тэр дундаа уран зохиолд хайртай болсон нь сэтгүүлчийг мэргэжлийг сонгоход нөлөөлсөн.

Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа МҮОНРТ-д дадлагажиж байгаад төгсөөд сэтгүүлч мэргэжлээрээ өдөр тутмын мэдээллийн хөтөлбөр, залуучуудад зориулсан нэвтрүүлэгт сурвалжлагч, хөтлөгчөөр ажилласан. Тухайн үедээ нийгмийн олон талт сэдвийг ажиглах судлах, боловсруулахад эрх зүйн салбар мөн хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн нийгмийн сэдвүүдэд илүү сонирхолтой болж, хэрэгцээ байгааг, хувь хүн талаасаа юу хийж чадах тухай их бодож судалсан юм. Тэгээд магистрын эрдмийн ажлаа "Хүүхэд хамгаалал - Хэвлэл мэдээлэл" сэдвээр хамгаалж судалсан нь эрх зүйн салбар луу орох үндэс болсон.

Дараа нь Монгол Улсын Эрдмийн их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцсан. Цагдаагийн байгууллагаас ажлын санал ирэх үед эргэлзээгүй шууд хүлээж авсан. Би аль нэг салбарт баригдах бус өөрийн сонирхол хүсэл тэмүүлэл нөөц бололцоогоо сорихыг, суралцахыг хүсдэг. Миний үеийнхэн ч олон талт чадамжаа хөгжүүлж ажиллах, сурах хандлагатай болж байгаа санагдсан. Бүх хэвшмэл ойлголтыг залуу үе өөрчилж чадна гэж боддог.

-Сэтгүүлчийн ажил болон цагдаагийн албаны адил төстэй болон эсрэг тэсрэг зүйл нь юу вэ?

-Адил төстэй тал нь мэдээж олон нийттэй харилцах. Өөр зүйлүүд маш их бий.

-Цагдаагийн алба хаагчид байнгын биеийн хүчний бэлтгэл сургуулилт хийдэг байх. Мөн та спортоор хичээллэдэг үү?

-Дасгал хөдөлгөөнийг өглөө босоод нүүр гараа угаадаг шиг л энгийн хэвийн дадал болгох хэрэгтэй гэж боддог. Би фитнессээр хичээллэдэг, бас дугуй унах дуртай.  Багадаа 100 буудалт даам, софт теннисээр хичээллэдэг байсан.

Манай албаны зүгээс ч сургалтууд зохион байгуулагддаг.

-Та удахгүй номоо хэвлүүлэх гэж байгаа юм билээ?

-Яруу найргийн анхны бүтээлээ "One warm winter" нэртэйгээр уншигчдын гар дээр хүргэхэд бэлэн болсон. Догдлолтой бас эмээлттэй байна.

-Яагаад ийм нэр сонгосон бэ. Номонд нь хэчнээн яруу найраг багтсан бэ?

-Өөрт минь хамгийн таалагдсан мөрт болохоор номоо энэ нэрээр нэрлэсэн. Би 12 настайгаасаа хойш шүлэг бичсэн. Зарим шүлгээ хүүхдийн сонинуудад хэвлүүлж байлаа. Нийт бичсэн шүлгээ тоолж үзээгүй юм байна. Харин номондоо 50 орчим шүлэг оруулсан.

Мөн арван жилийн сурагч байх үеэсээ л блог хөтөлж эхэлсэн. Блогтоо шүлгээ нийтэлдэг. Гадаад найзууддаа зориулаад зарим шүлгээ англи хэл рүү хөрвүүлж блогтоо оруулдаг.

-Та татгалзахгүй бол номноосоо хоёр шүлэг уншиж өгч болох уу?

-Болноо. Нэргүй хоёр шүлэг уншъя.

Шувууд нүдээ аних зуур юу боддог бол

Шүүрс алдам өндөрт тэд юуг мэдэрдэг бол

Амьсгал нь агаарт торлогдож үлддэг үү

Алдаа нь ч бас агаарт замхардаг уу

Шувууд нүдээ аних зуур юу боддог бол

Өд нь агаараас газар унахдаа чимээ гаргадаг болов уу

Өвдөж шаналахдаа тэд жигүүрээ тайлдаг болов уу

Далавч нь ямар үед хүндэрдэг бол

Даахгүй санагдах үе бас тэдэнд бий л байх

 

Дуулмаар жиргэмээр нисмээр амьдралдаа

Даан ч хол ... дасчихсан л байхдаа

Шувууд нүдээ аних зуур юу боддог бол ?


Өчигдрийн зүүд маргаашийн цэцэг болон ургана

Өндөр хөх салхи бороо болж цонхон дээр чинь урсана

Бүдэг зам гутлын мөргүй арилж

Бүрхэг тэнгэрээс үүлс дайжна

Тэвэр дүүрэн дурсамж

Тэндээ ингээд л үлдэх нь

Тэмдэглэж аваад тогтооё

Танил нүд

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил алба, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Анура: Бүх хэвшмэл ойлголтыг залуу үе өөрчилж чадна гэж боддог  
Үзсэн: 3379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй