Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Токио хотноо зохион байгуулагдаж байна. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямада нар ахалж, хоёр улсын Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон МҮХАҮТ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон-Монголын Эдийн засгийн хороо болон хоёр талын хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн нийт 170 орчим төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс, Япон Улсын харилцааны түүхэнд 2025 он онцгой жил болж, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд түүхэн ач холбогдолтой болсныг талархан тэмдэглэв.
Тэрээр Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх, хоёр талын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө буй гээд ийнхүү нөөц боломжийн талаар нээлттэй, үр ашигтай санал мэдээлэл солилцоход Монгол, Японы төр, хувийн хэвшлийн энэхүү зөвлөлдөх уулзалт чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Зөвлөлдөх уулзалтаар
1.Санхүү, хөрөнгө оруулалтын орчны сайжруулалт ба ногоон санхүүжилт
2. Чухал ашигт малтмалын нөөц, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж
3. Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, инновац, дижитал хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний сэдвээр үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монголын талаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт Япон Улсаас хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахын төлөө буйг тэмдэглэв.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг уг зөвлөлдөх уулзалтын хүрээнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямадаг-г хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал Япон Улсын Засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийн талаар ажил хэрэгч санал, мэдээлэл солилцож, Монгол Улсын хөгжлийн стратегийн зорилтуудыг дэмжих хүрээнд үндэсний хэмжээний мега төслүүдэд Японы дэвшилтэт технологи, шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахын ач холбогдлыг харилцан онцлов.
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг хоёр тал 2007 оноос хойш Улаанбаатар, Токио хотноо ээлжлэн зохион байгуулж ирсэн. Ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
| Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болж байна | ||
| Үзсэн: 52 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.