Шууд Chart

“Улаанбадрах цахилгаан станц” 900 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэх эрчим хүч үйлдвэрлэнэ

2025-11-28 11:16:21

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” эрчим хүчний хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ.

Тус ТЭЗҮ-д тусгаснаар шинээр байгуулагдах цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системтэй Сайншандын 220/110/35 кВ-ын дэд станцтай 125 км урт, 220 кВ-ын хос хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдох юм. Түүнчлэн 300 МВт суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд энэ нь улсын хэмжээнд ойролцоогоор 900 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц эрчим хүчийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.  

Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн хөгжил, эдийн засаг, нийгмийн салбарт бодит үр өгөөж авчирна. Тухайлбал, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах хүрээнд мэргэжил, ур чадварын сургалтад системтэйгээр хамруулж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн айл өрхүүд нүүрс, цахилгааны хөнгөлөлт эдлэх боломж бүрдэхийн зэрэгцээ ус, газрын төлбөр зэрэг татварын орлого нэмэгдэж, сумын төсөвт тогтвортой санхүүгийн эх үүсвэр төвлөрүүлэх нөхцөл бүрдэх ажээ. 

Эдийн засгийн хувьд төслийн нөлөө зөвхөн эрчим хүч үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй бөгөөд орон нутгийн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих таатай орчин бүрдэж, ялангуяа малчид малын гаралтай түүхий эдийг тогтвортой зах зээлд, илүү өндөр үнээр борлуулах боломжтой болно. Мөн зам, дэд бүтэц өргөжиж, бүс нутгийн тээвэр логистикийн хүртээмж сайжрахаас гадна улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал бэхжин, цахилгаан дутагдлын эрсдэл буурах судалгааг гаргажээ. 

"Улаанбадрах цахилгаан станц" төсөл нь эрчим хүчний бие даасан байдал, орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахаас гадна эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх цогц хөгжлийн арга хэмжээ гэдгийг тодотгож байна.


“Улаанбадрах цахилгаан станц” 900 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэх эрчим хүч үйлдвэрлэнэ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй