
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Глазго хотод болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцохоо мэдэгдлээ. Скотт Моррисоныг уг хуралд явахаас өмнө тус улсын засгийн газрын гишүүд хуралдан төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөж байна.
Австралийн эдийн засгийг олон жилийн турш хөдөлгөж ирсэн уул уурхайн салбар дэлхийн агаарын бохирдолты гол буруутан хэмээн нэрлэгдээд байгаа. Тиймээс уг хурал дээр Австралийн засгийн газар хүлэмжийн хийг бууруулах тал дээр ямар амлалт өгөх эсэх нь олон улсыг анхаарлыг татсан чухал сэдэв болж байна. Харин Австралийн засгийн газрын гишүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалт өгөх эсэх дээр талцан маргаж тодорхой шийдэлд хүрч чадахгүй хэвээр байгаа. Австрали улс өндөр хөгжилтэй, баян орон хэдий ч тус улсын цахилгаан станцууд нүүрсээр ажилладаг хэвээр байсаар байна. Тус улс өнгөрсөн онд нүүрсний экспортоос 55 тэрбум австрали долларын орлого олжээ.
Австрали улсын хэмжээнд нүүрсний 99 уурхайд 40 мянган хүн ажилладаг байна. Энэ хэмжээний ажлын байр гэдэг нь Макдоналдсын нийт ажилчдын тэн хагастай нь тэнцэх аж. Иймээс Скот Моррисоны засгийн газар эдийн засгийн чухал тулгуур нүүрс олборлолоо үргэлжлүүлэх үү? Эсвэл АНУ, Их Британи түншүүдээсээ холдох уу гэсэн сонголттой нүүр тулж байна. Хэрэв Скотт Моррисоны засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо нэмэгдүүлбэл тус улсад олон нүүрсний уурхай хаагдаж, 40 мянган ажлын байр үгүй болно.
Мөн Австралийн Уул уурхайн салбарын лобби олон жилийн турш уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогыг гажигдуулсаар байгаа талаар Дикиний их сургуулийн Уур амьсгалын өөрчлөлт судлаач, профессор Саманта Хепберн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, Скотт Моррисоны засгийн газар уул уурхайн салбарын шинэчлэл зэрэг 80 гаруй төсөл санаачлан ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд л гэхэд 10 тэрбум австрали долларыг нүүрс олборлогч компаниуддаа дэмжлэг болгон олгосон нь энэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгааг харуулж байна хэмээн онцоллоо.
Австралийн нүүрсний хамгийн том худалдан авагчид болох Япон, БНСУ зэрэг улсууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 0 хувь болгох амлалт өгөөд байгаа юм.
Скотт Моррисон “COP26”-д оролцохоо мэдэгдлээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.