Шууд Chart

Саудын Араб 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох зорилт тавилаа

2021-10-25 12:20:47

Дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч орны нэг Саудын Араб 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох бодлого танилцуулав. Тус улсын нийслэл Эррияад хотноо болсон цаг уурын асуудлаарх олон улсын форумд угсаа залгамжлах хун тайж цахимаар үг хэлэхдээ энэхүү бодлогоо танилцууллаа.

Саудын Арабын төслийн орлогын 60 хувийг газрын тосноос олсон орлого бүрдүүлдэг. Иймээс эдийн засгаа газрын тосноос хамаарлаас гаргахад хэцүү байх болов уу гэж эдийн засагчид таамаглаж байна. Гэвч тус улс энэ сарын сүүлээр Британид болох Коп26 буюу уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын өмнөхөн дэлхийн дулаарлыг хязгаарлахад өөрийн хувь нэмрийг оруулна гэдгээ харууллаа. Мөн Саудын Араб 2030 он гэхэд метаны хий ялгаруулалтаа багадаа 30 хувиар бууруулах Вашингтон болон бусад орны санаачилгад нэгдэхээ илэрхийллээ. Эрдэмтэд метаны хийг дэлхийн дулааралд нүүрстөрөгчийн давхар ислээс 20 дахин их нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Харин Америк Европын холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс, бүс нутаг болох зорилтуудаа танилцуулаад байгаа юм. Харин Арабын булангийн газрын тос үйлдвэрлэгч орнууд хатуу түлшнээс ойрын хугацаанд татгалзахын эсрэг байна. Тэд яаран эрчим хүчний эх үүсвэрээ өөрчлөх нь бага орлоготой орнуудыг хөлдөө чирч, олон сая хүнийг эрчим хүч хэрэглэх үндсэн эрхээс нь хязгаарлах эрсдэлтэй гэж үзэж байна.

Байгууллага, аж ахуй нэгжүүд хүлэмжийн хий ялгаруулахгүй, цэвэр ногоон байгальд ээлтэй болох зорилт тавьж байгаа. Тухайлбал, Саудын Арабын төрийн өмчит “Сауд Арамко” компани 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй байгууллага болох зорилтоо мөн зарлав. “Сауд Арамко” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтанд "Microsoft", "Apple" зэрэг компанийн дараа гуравдугаарт ордог юм. Саудын Араб улсын хувьд 268 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцтэй, газрын тосны нөөцөөрөө дэлхийд Венесуэлийн дараа хоёрт бичигддэг. Дэлхийн нийт газрын тосны нөөцийн тавны нэг нь Саудын Арабт байдаг гэхээр энэ улс бол дэлхийн эрчим хүчний гол бодлого тодорхойлогчдын нэг юм. Эрчим хүчний бодлого тодорхойлдог асар их нөөцтэй Саудын Араб цэвэр эрчим хүч рүү шилжих бодлого баримталж байгаа нь дэлхийн эрчим хүний салбар хаашаа чигтэй явааг баримжаалах нэг хүчин зүйл мөн.

Саудын Арабын угсаа залгамжлах хун тайж газрын тосноос хараат байдлаас гарах, эдийн засгийн орлогын эх үүсвэрээ олон салаа болгох шинэ бодлого зарлаж, үүнийгээ хэрэгжүүлэх олон зорилт, төсөл хөтөлбөрүүдийг зарлаад байгаа юм. Энэ бодлоготой нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй бодлого нь уялдаж хэрэгжих нь гэж дэлхийн зах зээл хүлээж авч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб 2060 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс болох зорилт тавилаа  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй