Шууд Chart

Тэд мөрөөдөхөө хэзээ ч зогсоогоогүй

2014-05-28 14:01:47

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

-*-

Би мөрөөддөг...
Би аз жаргалтай эмэгтэй гэдгээ өдөр бүр мэдэрдэг. Насан туршдаа хамт амьдрахыг хүссэн хайртай хүн минь дэргэд минь байна. Бас бид хоёрын хайраас гарсан жижигхэн цэцэг өдөр өдрөөр хажууд минь дэлгэрч байна.  Өглөө эртлэн босоод хайртынхаа цайг нь бэлдэнэ, хүүгээ сэрээнэ. Цайгаа бэлдэж дуусаад эргэж орондоо ороод түүнийгээ сэрээх гэж эрх муужгай шиг урд хойно нь ороод л янз бүрээр эрхэлнэ. Харин тэр  минь жаргалтай нүдээр над руугаа хараад духан дээр минь үнсээд босч цайгаа уугаад, хувцсаа өмсөөд ажилдаа явна. Замаараа хүүгээ сургуульд нь хүргэж өгнө.

Харин би хувцсаа өмсөөд араас нь гарна. Багадаа мөрөөдөж байсан мэргэжлээрээ ажилладаг болохоор би хэзээ ч ажлаасаа уйдаж байгаагүй. Ажлын хамт олны найрсаг уур амьсгал надад ажиллах эрч хүчийг өдөр болгон нэмнэ. Бусдаас өөр тасарчихсан амьдралгүй ч бид гурвын амьдрал элбэг хангалуун. Хоёр өрөө байрандаа гурвуулаа нижгэр аж төрнө. Хааяахан нөхөр бид хоёр ам зөрдөг ч тэгсхийгээд л мартаж орхино. Арав, хорин минутын дараа гэхэд л инээгээд мөр мөрөө дэрлээд зурагтаа үзээд сууж байна. Өдөр ажил дээрээ байхдаа ч бид хоёр нэг нэгэндээ анхаарал тавина. Өдрийнхөө хоолыг идсэн эсэхийг асууж амжаагүй бол аль завтай нь хоол бариад л хүрээд ирнэ. Заримдаа тэр минь "Чамайг хүүгээсээ ч илүү эрхлүүлж байна шүү" гэж надаар тоглоно. Хааяахан аав, ээж дээрээ хүүгээ орхиод орой нь  бид хоёр гадуур хооллоно, жүжиг үзнэ. Яг л анх танилцаж байгаа залуухан хосууд шиг гар  гараасаа атгалцаад хотын гудамжаар алхална.

Манай хүн үг дуу цөөтэй болохоор тийм ч их юм ярихгүй. Харин би бол сонссон мэдсэн, өдөр болсон, шинээр гарсан зүйл юу л байна түүндээ хамж шимээд л ярина. Анх болзож эхлэж байхдаа хичнээн их сандардаг байсанг нь түүндээ сануулна. Үнсэх гэж сандарч байхдаа атгасан гарыг минь эгээтэй л бяцалчихаагүйг нь эргэн дурсана. Харин тэр минь “Чамайгаа алдахгүй л гэсэндээ тэр шүү дээ” гээд л бид хоёр инээлдэнэ. Хөөрхөн алаг үрээ том болохоос нь өмнө дүүтэй болгож өгье гэж бид хоёр ярьж байгаа. Адтай хөөрхөн охин. Хань минь “Яг л чамайг дууриасан хөөрхөн охин байх болно” гээд миний нүд рүү оч гялалзсан нүдээр харна.

Би мөрөөддөг....
Одоо ажил тарах цаг өнгөрөөд удаж байна. Ханилж суусан нөхөр минь гэртээ алга. Тэр нь ч дээр. Хүү бид хоёр хэсэг ч гэсэн тайван  сууж сайхан байна. Ээжтэйгээ байхдаа хүүгийн минь нүд  айдаст автаагүй тэр л гэнэхэн харцаар над руу харна. Хааяахан гүн санаа алдаад  “Ээжээ би уг нь дүүтэй байх байсан тэ” гэж надаас асууна. Харин энэ асуултад нь би хэзээ ч хариулт хэлж чаддаггүй. “Ааваас нь болоод дүү нь холын хол яваад өгсөн юм" гэх үг миний амнаас зүрхэлж унадаггүй. Гадаа хэн нэгэн эрэгтэйгээ хараах дуу сонсогдож байна. Үгүй ээ.... Хэн нэгний биш харин миний ханилж суусан нөхрийн согтуу хоолойгоор хэл амаа хазан байж хэлж байгаа үгс энэ мөн. 

Өдөржин гэртээ цоожлоотой үлддэг намайг арчаагүй, гуйлгачин тэр хаана байна гэх мэтээр тэр харааж байна. Амнаас гарах үг  болгон нь миний зүрхийг зүснэ. Анх хайртай гээд авч суухдаа хэлж байсан үгс нь алсын алсад нисэн холджээ. Согтуу хүний энд тэнд, тэнтэр тунтар гишгэх чимээ ойртож тэр шатаар өгсөж байна. Хүү минь над руу цөхрөлөө барсан бас өрөвдсөн нүдээр харж  өөрөө харанхуй булан руу алхам алхмаар ойртоно. Зүүд шиг аймшигтай шөнө дахиад эхлэхийг тэр зөнгөөрөө мэдэж байгаа. Гэхдээ өнөөдөр дуусав ч маргааш эхлэдгийн адилаар би энэ амьдралд сөхрөөгүй. Харин миний хүүхэд ирээдүйд энэ хүн шиг хүчирхийлэгч болох вий гэдгээс айж байна... Өдөр бүр хүсдэг мөрөөдлийн минь амьдралыг архи, хардалт,  хүчирхийлэл, дарангуйлал чи залгисан.

Э.Хулан /TIMES.MN/


Тэд мөрөөдөхөө хэзээ ч зогсоогоогүй  
Үзсэн: 2558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй