Шууд Chart

УИХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ

2021-11-18 21:04:22

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.18)  үдээс хойших нэгдсэн хуралдаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлаар үргэлжлэв. Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнхцэцэг нар оролцсон.

Нэр дэвшигч Наранчулууны Отгончимэг нь Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар, Дашпунцагийн Эрдэнэчимэг нь Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар, Навагчамбын Баасанжав нь өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байгаа бол нэр дэвшигч Ренчиндоржийн Онончимэг нь Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нь Улсын дээд шүүх, Практик судлалын хэлтсийн иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч, референт, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаа аж.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” Их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулсныг дурдлаа.

Ажлын хэсэг Монгол Улсын шүүхийн тухай хууль, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, шинжлэн судлах, нэр дэвшигч тус бүртэй ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн тодорхой үе шатын хүрээнд 7 сарын хугацаанд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт, материалыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд нийт 31 хүн материалаа ирүүлсэн. Ажлын хэсэг хүсэлт, материалыг хүн тус бүрээр хэлэлцэн хууль болон журмын шаардлага хангасан 29 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол 2 хүнийг бүртгэхээс татгалзан холбогдох шийдвэрийг гаргасан гэж байлаа.

Сонгон шалгаруулалтын явцад 3 оролцогч тодорхой шалтгааны улмаас нэрээ татсан бол 1 оролцогч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 оролцогч ажлын хэсгийн ярилцлагад хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Наранчулууны Отгончимэг, Дашпунцагийн Эрдэнэчимэг, Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг, Дорждамбын Зүмбэрэллхам Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан гэв.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Наранчулууны Отгончимэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь, Навагчамбын Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь, Ренчиндоржийн Онончимэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь, Дашпунцагийн Эрдэнэчимэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  71.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэнийг тодотгов.

Нэр дэвшигч болон Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Тогтохсүрэн, Т.Аюурсайхан, С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Ганбат, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Учрал, Б.Жаргалмаа, Н.Энхболд, С.Ганбаатар, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, үг хэллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид Улсын Их Хурлын зарим нэг гишүүдтэй ашиг сонирхлын холбоотой эсэх асуудлаарх өгсөн хариулт, гишүүдийн санал, байр суурьтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Тэрбээр энэхүү хэлэлцүүлгээр нэр дэвшигчдийн ашиг сонирхлын холбоог асуулт, хариултаар тогтоохгүй. Иймд нэр дэвшигчид энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, Авлигатай тэмцэх газраас хариу ирсний дараа хуралдах шаардлагатай гэв.


УИХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй