Шууд Chart

Огцруулаад л байя...

2014-05-30 14:45:21

Огцруулаад л байя даа одоо, өөр арга алга...  

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг УИХ-ын даргад хүргүүллээ.
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амласнаа биелүүлээгүй, хойч үеэ өрийн дарамтад оруулсан тул ийнхүү Н.Батбаяр сайдыг огцруулах санал гаргах болсон байна.
 
Бүр тодруулбал, МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт өгсөн эдийн засгийг туйлдуулсан албан тушаалтнууддаа хариуцлага тооцох 10 хоногийн хугацаанд Засгийн газрын тэргүүн ямар нэг ажил хийгээгүй учир ийнхүү Эдийн засгийн хөгжлийн сайд онилогдох болж.
 
Хялбархан л юм, огцруулаад л шийдэгдчихдэг ийм амархан логикийг төрт ёс байгуулаад хэдэн мянган жил болсон Монголын ард түмэн яагаад өдийг хүртэл ойлгоогүй юм бол оо.
 
Одоо бодвол эдийн засгийг унагасан сайдыг нь адилхан унагачихсан болохоор эдийн засаг сайжирна л гэх байх.  
 
Дөнгөж нэг сарын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төсөл өргөн барьсныхаа дараахан мань хүн нэг хэвлэлийн хурал дээр “Миний энэ тогтоолын төслөөс болж ихээхэн шуугиан дэгдээд байна...” гэж ярьж суусан. Түүний энэ хандлагаас болж О.Баасанхүүг өөрийнхөө амбицыг нэмэгдүүлэх гэж, магадгүй ирэх сонгуулиар хэлэх дорвитойхон “ажил”-тай байхын тулд ийм зүйл хийсэн гэж хэлэх хүн ч байсан. Энэ цуу яриа ч баттай байсан бололтой, тэр тогтоолын төслөө УИХ, байнгын хороо гээд бараг улс төрийн мэдлэгтэй хүн болгон хэлэлцэж, нам бүлгүүд талцаж эхэлсний дараа эргүүлэн татсан.
 
Ингэх болсон шалтгаанаа тэрээр “Н.Алтанхуяг өөрөө Х.Тэмүүжинд хариуцлага тооцно гэсэн. Тэгэхгүй бол би хуулийн төслөө дахиад өргөн барина” гэсэн үгээр хаацайлсан. Одоог хүртэл Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцсон хүн алга.
 
Үнэхээр хэдэн тэрбумын үнэтэй эмрай аппарат эвдэрсэн хариуцлагыг салбарын сайдад хүлээлгэх гол зорилго байсан юм бол тэр зорилгодоо тэгээд хүрэв үү? Үгүй л бололтой.
 
Н.Батбаяр сайдыг огцруулах санал О.Баасанхүүгийн дээрх үлгэр шиг л үргэлжлэх вий дээ.  
 
Бизнесийн байгууллагууд эхнээсээ ажилчдаа цомхотгож, хаалгаа барьж эхэлж байгаа энэ үед эрх баригчид “эдийн засгийг эрчимжүүлэх” сүрхий лоозонтойгоор ажиллаж л байгаа.
 
Улсынхаа эдийн засгийг сэргээх гэж үнэхээр тэгж их хичээж байгаа юм бол нэмэр дээр нь нэрмээс болж сайд даргаар нь ингэж оролдоод юунд хүрэх юм бол. Нэгэнт хийнэ гэж амласан хугацааг нь хүлээж байгаад дараа нь “тооцоо бодож” болох л байлтай.
Тэгээд ч Засгийн газрын гишүүд “тэнэг” улс биш. “Эдийн засаг яг сайхан эрчимжих гэж байхад та нар өөрсдөө сайдыг маань огцруулаад, бусниулчихаа биз дээ” гээд барьцаалж суухаа мэдэлгүй яана гэж.  
 
Ард иргэд яахав, улс төрчдийн тавьсан жүжгийг харж суудаг жамтай юм хойно. Хэнийг огцруулж, юу нь сайжрах юм бол доо гэж хүлээж л суугаа.
Огцруулаад л байя даа...
Нийтэлсэн: О.Энхмаа

Огцруулаад л байя...   
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-07-24 17:24
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-07-24 17:24
Нийтлэлийг 5-р сард гаргажээ. Үүнээс хойш АН/МАХН-ын өндөр албан тушаалтнууд том гүрний колони байсан жижиг орнууд хөгжлийн дээд цэгт хүрсэн тухай, хамааралтай баян амьдрах тухай ухуулсан. Газраа гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д өмчлүүлэхийг завдсан. Хуулийн төслөө татаж авсан ч дахиад л оруулж ирнэ. Яагаад гэвэл тавьсан өрөө төлөхийн тулд зээл авна, барьцаа хэрэгтэй, газраа барьцаалхаас өөр арга олж харах ухаангүй. "Аядуухан ёжилсон" маягаар бичиж, огцруулахыг эсэргүүцэн эрх баригчдыг хамгаалсан Энхмаа нар одоо ч эднийг үлдээх хэрэгтэй гэж үздэг болов уу? АН/МАХН-ынханд саналаа өгч "та нар биднийг хамааралгүй, бие даан ядуу амьдруулах биш, хамааралтай баян амьдруулаарай" гэж захисан юм болов уу?

Бидэнтэй нэгдээрэй