Шууд Chart

“Арвис” клуб футзалын эмэгтэйчүүдийн цомын эзэд боллоо

2021-12-08 10:40:36

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан эмэгтэйчүүдийн футзалын тэмцээн уралдаанууд футзалын эмэгтэйчүүдийн цомын тэмцээнээр эхэлж байгаа билээ.

Энэ сарын 1-нд эхэлсэн тус тэмцээний медалийн төлөөх тоглолт өчигдөр болж, “Арвис” клуб хүчтэй өрсөлдөгч “UBC”-г 3:2-оор буулган авч аваргын цомыг өргөх эрхтэй болсон юм.

Хоёр сарын өмнө тус хоёр клуб хөл бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын төлөө эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж “UBC” тэрхүү ширүүн тэмцэлд ялаад байв. Өнөөдрийн тоглолт ч урьдын адил сонирхолтой болж 3:2-оор өндөрлөхөд “UBC” клубээс О.Цасан-Охин, Н.Дашдулам, “Арвис” клубээс Ө.Бадамхатан, Т.Энх-Амгалан, Ө.Ундрах нар гоол орууллаа.

Үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлсэн шигшээ тоглолтын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж “Арвис” /алт/, “UBC” /мөнгө/, “Туулын Том Тулнууд” /хүрэл/ клубийн бүсгүйчүүд өөрсдийн медалийг энгэртээ гялалзуулав.

Мөн тус тэмцээн өөрсдийн хувийн амжилтаараа гялалзсан шилдэг тоглогчдыг тодруулахад шилдэг хаалгачаар “ТТТ” клубийн Б.Мөнхзул, шилдэг тоглогчоор “UBC” клубийн О.Цасан-Охин, шилдэг довтлогчоор “Арвис” клубийн Ө.Ундрах нар тус тус тодорлоо.

Нэмж хэлэхэд, 18 хүртэлх насны охидын футзалын лиг энэ сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 16 хүртэл, эмэгтэйчүүдийн футзалын лиг энэ сарын 25-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Арвис” клуб футзалын эмэгтэйчүүдийн цомын эзэд боллоо  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй