Шууд Chart

Тусгаар тогтнолын үзэсгэлэн

2021-12-17 13:01:01

Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн “ сэдэвт нийтлэлийн уралдаанд         

                            Тусгаар тогтнолын үзэсгэлэн

                                    (-уянгын нийтлэл-)                         

           ТӨГСГӨЛИЙН ОРОНД ЭХЛЭЛ

Уул өгсөн алхаж явнам, би. Тэнгэр орой дээр цэнхэртэнэ. Эр зоригт шонхор шувуун  эзэн нь би  гэх шиг  элин халин шунгана. Тэртээд тал уужран алсарч, гол мөрөн өлзий хээ мэт  биенээ сүлжин урсана. Нуур цөөрөмд нар гялбан туяарчээ. Ууланд нь ан амьтан шивээлж, тал хээр нутагт нь адуу мал билчиж, гол мөрөн, нуур цөөрөмд нь   загас жараахай цэнгэн буй. Хүн амьтны жаргалын эх орон -миний Монгол. Туурга тусгаар монгол. Туурга тусгаар байхын үнэ цэнийг юугаар ч хэмжишгүй. Чухам энэ үнэ цэнийн төлөө, эх орныхоо ширхэг чулуу, сөөм газрын төлөө  өвөг дээдэс минь амиа өгснийг хэзээ ч бүү мартахтун. Уулыг нь уулаар нь, талыг талаар нь, ус гол,мөрөнг  ус гол,мөрнөөр нь өвлөн авч, өвч бүтнээр нь  ирээдүй хойчдоо  хүлээлгэн өгөх үүрэг бидэнд бий.

             -1-

             УУЛС

Монголын минь уулс галын дөл шиг зүмбэрлэн үзэгдьюу. Өдөр нь болбоос наран гарагийн түм буман цацрагийг орой зулайдаа ёохор мэт бүжиглүүлж, үдэш нь болбоос долоон бурхан тэргүүтэн оддын хормойг өлгийдэн ханхайму. Тэнгэр, уулсын минь  тэргүүн дээр уужран  амарму.  Ой хөвч нь нялх хүүхдийн сормуус мэт, асга хад  нь   аавын минь эвэршсэн гарын алга мэт,  гуу жалга нь  номч мэргэн өтгөсийн минь духны үрчлээ мэт,  цаст мөнгөн  оргил сарьдаг нь  хүслийн минь  цагаан гарьдын хүчит жигүүр мэт ээ… Уулсын үзэсгэлэн-Миний Монголын үзэсгэлэн  буюу .

Газрын хүсэл уулс минь уу.  Та ямагт сүрлэг, хүчирхэг, үзэсгэлэнтэй билээ. Уулан дээр гарсан хүмүүний ухаан цэлмэдэг гэнэм. Энэ үг магадтайяа, цэцэрхэл лав биш ээ... Тийнхүү Монголчууд бид уул шиг эрчүүд гэж ярилцдаг аа. Энэ нь сайхан сэтгэл, саруул ухаан, хүч бяр эн тэнцүү эрчүүдээ   бахадсан ерөөл дэмбэрэл билээ. Нөгөө талаар уулс минь   та Чингисийн чилгэр хөх эрчүүд буюу.  Эрэмгий зоригтой, бат суурьтай, бардам тэргүүнтэй, хэзээ ч нугаран хугараагүй тэр л эрчүүдийн дүр төрх үүрд мөнх шингээстэй байдагт тэр билээ л…Аяа, уулсаа бахдан магтьюу

 Уулс минь бүрэн бүтэн байж гэмээ нь тусгаар тогтнол минь  бүтэн билээ. Бүтэн тусгаар тогтнолын үнэ цэн бүтэн  буюу.

        -2-

        ТАЛ

Монголын минь тал нутаг уужран цэлийнэм, таван эрдэнийн мал сүрэг нь  тархан билчнэм. Энэ тал нутагт дөрвөн цаг нисэн нисэн ирж, басхүү нисэн нисэн буцнам билээ. Хаврын цагт анхны төлийн цовоо дуу өвлийн жавар уясган цангинаж, ууган унага янцгаахад, цэнхэр яргуй тэргүүт алаг цэцэгс  нүдлэнэ. Тал нутаг нярайлсан эх шиг нялхарму. 

Өвөлжөө, хаваржаанаасаа нүүсэн малчдын гэр гол усны эрэгт  жигүүрээ дэлгэн  амсхийх нь  зун цагийн  тодотгол  буюу.  Борооны дараахь солонгын нэг үзүүр уудам  талд дүрэгдэж, нөгөө үзүүр нь  уулсын  цаагуур далдарч, алгуур уусан арилахдаа  намрын шар салхины  хонгор  сэвшээг  өөрийнхээ оронд үлдээгээд арилму.  Шувуудын гунигт дуун өвсөн шүүдэрт шингэн тунгалагшаад, тал нутагт өвсөн толгой  халиуран  бөхөлзөж буцах  цагийн ай эгшиг   сэтгэл зүрхийг  шимшрүүлнэ.

Анхны цас ороход тал нутаг нилдээ цав цагаан өнгөнд  бөмбөрмүй.  Өвөлжөөнд буусан айлын яндангаар цэнхэр утаа огторгуйд хөөрч, амрагийн алчуур шиг  намирна. Аяа, Монгол нутгийн  тал  дөрвөн цагийн өнгөөр үзэсгэлэн юугаа  тодосгож, ирэх цагийг  угтаж, буцах цагийг үдмүү…Тал нутагийн үзэсгэлэн-миний Монголын үзэсгэлэн буюу. 

Тал  минь  бүрэн бүтэн байж гэмээ нь тусгаар тогтнол минь  бүтэн билээ. Бүтэн тусгаар тогтнолын үнэ цэн бүтэн  буюу.

           -3-

           ГОЛ  УС

Монголын минь гол мөрөн наран зөв  голдирлож урсму. Гурван голын билчэрт Чингис хаан  эв эеийг тотголж , Монгол туургатан ханаа шийрлэсэн түүхийг  Онон гол, он онд дамжуулан зүрх сэтгэлд шивнэмү. Хэрлэн гол хэзээ  эртний  домогт түүхийг бичиглэж , Халхын гол халх тууль  хайлж, алаг морьт  Дандар баатрын зоригт морин хороог дурсму. Туулынхаа уснаас амсаад мордсон Цогт тайжийн дайчин  эрсийн дүр төрхийг  одоо ч бид Туул  голынхоо  тунгалаг цээлээс тольдном билээ. Ийнхүү гол мөрөн болгон нь түүх шастир хүүрнэх монголынхоо  ус мөрөн, нуур цөөрөм, гол горхийг магнаг  цэнхэр тэнгэр доор магтан дуульюу.

 Сэлэнгэ мөрний мандал дээр халиурсан тариа шагшуургаа сэгсрэх намар цагийн  үзэсгэлэнг  магтьюу, Одод тас тас хийн мөнгөн аяга шиг жингэнэх унах Хөвсгөл нуурын  өвлийн үдшийг  үл мартьюу.  Орсон буур шиг хүрхрэх  хаврын Орхон түшээ мөрөн ,  ягаан давалгаат зуны Буйр нуур , гүйн тэлмэн урсгалтай Түйнгол,  домогт  халуун аршаант Шаргалзуут,  бага насны минь дурсамж долгис бүхэнд нь уяатай  миний Нарийны гол, Хөх бүрдний нуур… гээд  цалгис долгис таслаагүй  гол ус бүхнээ  бахдан дуульюу. Аяа, Монгол нутгийн минь  үзэсгэлэнгийн гоогийн манлай   гол ус минь… Он, оныг сүвлэн урсаж, онгод дуунд минь харгилан иртүгэй…Ус мөрөнөө уянгалан дуулюу                                                  

Чингисийн Монгол мандан ирэх онуудаа бид тосном. Гол ус намуухан урсч, мандал дээр нь нар  гийж, сар гэрэлтэн, мал сүрэг минь умдаалж, өнөөдрийн хөгжил маргаашийн гавьяаг  гол ус минь тольдон харму.

Гол усны  үзэсгэлэн-миний Монголын үзэсгэлэн буюу. 

Ус гол минь бүрэн  бүтэн байж гэмээ нь тусгаар тогтнол минь  бүтэн билээ. Бүтэн тусгаар тогтнолын үнэ цэн бүтэн  буюу.

            ЭХЛЭЛИЙН ОРОНД ТӨГСГӨЛ

Уул өгсөн алхаж явнам, би. Тэнгэр орой дээр цэнхэртэнэ. Эр зоригт шонхор шувуун  эзэн нь би  гэх шиг  элин халин шунгана. Тэртээд тал уужран алсарч, гол мөрөн өлзий хээ мэт  биенээ сүлжин урсана. Нуур цөөрөмд нар гялбан туяарчээ. Ууланд нь ан амьтан шивээлж, тал хээр нутагт нь адуу мал билчиж, гол мөрөн, нуур цөөрөмд нь   загас жараахай цэнгэн буй. Хүн амьтны жаргалын эх орон -миний Монгол. Туурга тусгаар монгол. Туурга тусгаар байхын үнэ цэнийг юугаар ч хэмжишгүй. Чухам энэ үнэ цэнийн төлөө, эх орныхоо ширхэг чулуу, сөөм газрын төлөө  өвөг дээдэс минь амиа өгснийг хэзээ ч бүү мартахтун. Уулыг нь уулаар нь, талыг талаар нь, ус гол,мөрөнг  ус гол,мөрнөөр нь өвлөн авч, өвч бүтнээр нь  ирээдүй хойчдоо  хүлээлгэн өгөх үүрэг бидэнд бий.

МУСГЗ, сэтгүүлч Данзангийн Нямаа

Нийтэлсэн: Д.Нямаа

Тусгаар тогтнолын үзэсгэлэн   
Үзсэн: 3227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй