Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 2021 оны онцлох 10 үйл явдлыг “CNN” нэрлэлээ

2021-12-24 09:58:56

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2021 онд дэлхий дахинд үер, ой хээрийн түймэр, хар салхи, хэт халалт гэх мэт олон гамшиг нүүрлэсэн. Тэгвэл хүн төрөлхтөнд дохио өгсөн эдгээр байгалийн гамшиг ямар үр дагавар учруулсан тухай "CNN" агентлаг онцолж байна.

Арктикаас эхлээд АНУ-ын Луизиана, БНХАУ-ын Хэнань муж хүртэл уур амьсгалын өөрчлөлт мэдрэгдсэн нь эх дэлхийн цаг агаарыг аль хэдийнэ өөрчлөгдсөнийг баталсаар байна. Тухайлбал:

10. ГРЕНЛАНДЫН ОРГИЛД ОРСОН ТҮҮХЭН БОРОО

Наймдугаар сард Гренландын цаст оргилд анх удаа бороо орсон. Далайн түвшнээс дээш хоёр милийн өндөрт орших Гренландын оргилд бороо орсны улмаас 7 тэрбум тонн цас хайлж мөсөн бүрхүүл болж тогтсон юм. Энэ үзэгдэл нь 1950 оноос хойших хамгийн том мөсөн бүрхүүл болжээ.

9. ТЕХАСЫН ГҮН ХӨЛДӨЛТ

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын төв хэсгийг хамарсан шуурга Техасыг дайрч, эрчим хүчний үйлдвэрлэл зогсоход хүргэсэн байна. Олон өдрийн шуургыг тэсвэрлэх чадваргүй Техас мужийн салхин үүсгүүр, нарны зайн хавтангууд хөлдөж  цахилгаан тасалджээ. Ингэснээр тус мужийн 4 сая орчим иргэн цахилгаангүй болж, хот тэр чигтээ хөлдөх аюултай нүүр тулсан юм.

8. ГУРВАН ТИВИЙГ ХАМАРСАН ҮЕР

2021 оны долоодугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хэнань мужийн Жэнжоу хотод хүчтэй аадар бороо орж томоохон гамшигт нүүрлэсэн юм. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Европын баруун хэсэг болон АНУ-ын Теннесси муж үерт автаж сүйрсэн билээ. Үерийн улмаас БНХАУ-ын Хэнань мужид 300 гаруй хүн амиа алджээ. Харин 12 сая хүн амтай Жэнжоу хот хамгийн их хохирол амссан бүс нутгийн нэг болсон.

АНУ-ын Теннесси мужид үерийн улмаас 270 гаруй байшин нурж, хорь гаруй хүн амь үрэгдсэн бол Герман, Бельгид мөн 200 гаруй хүн амь насаа алдсан юм. 

7. АНУ ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ДАХИН НЭГДЭВ

АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэн бөгөөд уг хэлэлцээрийн дагуу улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулах амлалтаа таван жил тутамд хянаж, сайжруулах ёстой. Уур амьсгалын хэлэлцээрийн гол зорилго нь дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2 хэмээс хэтрүүлэлгүй, 1.5 хэмд хязгаарлах явдал юм.

6. НҮБ-ЫН ТАЙЛАН "УЛААН КОД"

6-7 жил тутамд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс, цаг уурын судалгааг нэгтгэн дүгнэсэн тайланг нийтэлдэг. Тус зөвлөлийн хамгийн сүүлийн тайланг наймдугаар сард гаргасан байдаг. Уг тайланг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “хүн төрөлхтний улаан код" гэж нэрлэжээ. Мөн тайланд дэлхийн дундаж хэм “тамын халуунд” дөхөж байгааг анхааруулжээ.

5. ГЛАЗГОУ ДАХЬ ЭГЗЭГТЭЙ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

Дэлхийн удирдагчид өнгөрсөн арваннэгдүгээр сард Глазгоу хотноо НҮБ-ын зуучлалаар COP26 гэгддэг уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Дэлхийн дулаарлыг хэрхэн хязгаарлах талаар хоёр долоо хоног орчим үргэлжилсэн хэлэлцээний дараа 200 орчим улс Глазгоугийн уур амьсгалын өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнд чулуун нүүрс хэрэглэх нь уур амьсгалын өөрчлөлтийг нэмэгдүүлж байгааг дэлхийн удирдагчид анх удаа хүлээн зөвшөөрцгөөсөн юм.

4. "АЙДА" ХАР САЛХИ

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр дөрөвдүгээр зэрэглэлийн "Айда" хар салхи АНУ-ын Миссисипи болон Луизиана мужийг дайрч 1 сая гаруй иргэнийг тог цахилгаангүй болгосон юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсээр байгаа хотуудын дэд бүтцийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсныг илчилсэн үйл явдал болжээ. "Айда" хар салхины хохирол дор хаяж 60 тэрбум доллар гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдсэн байна.

3. КЕНТАККИГ СҮЙРҮҮЛСЭН ХАР САЛХИ

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд АНУ-ын Кентакки мужийг дайрсан хар салхи тус мужийн түүхэнд хар толбо үлдээсэн юм. Кентакки мужийн амбан захирагч Энди Беширийн мэдэгдсэнээр 100 гаруй хүн амиа алдаж, Мейфилд хот бүхэлдээ сүйрч бүтэн үлдсэн барилга байшин үлдээгүй гэжээ.  Энэхүү гамшигт уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөөтэй нь бүрэн тодорхойгүй байгаа ч эрдэмтдийн үзэж байгаагаар “хэт халалт” нь ийм үзэгдлүүдийг улам нэмэгдүүлнэ гэжээ.

2. КАНАДЫН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР

Зургаадугаар сарын сүүлчээр, өмнө нь тохиолдож байгаагүй хэт халалтын улмаас Номхон далайн баруун хойд хэсэг болон Бритиш Колумбид ой хээрийн түймэр гарч олон зуун хүн амь үрэгджээ. Бритиш Колумбын түймэр гарсан хэсэгт агаарын температур 121 хэм үрч, Канадын бүх цаг үеийн температурын рекордыг эвдсэн байна.

1. ГАН, ХЭЭРИЙН ТҮЙМЭР, УСНЫ ХОМСДОЛ

Энэ зун Калифорнид тохиосон ган гачиг нь тус муж улсын 126 жилийн түүхэнд тохиогоогүй үзэгдэл болжээ. Судлаачид 1895 оноос эхлэн мэдээлэл цуглуулсан бөгөөд ийм “хуурай сар” огт тохиогоогүй байна. Наймдугаар сард АНУ-ын баруун зүгийн мужуудын 95 гаруй хувь нь гантай байсан юм.

Мөн АНУ-ын Мид болон Пауэлл нуурууд нь ган гачгийн улмаас ихээхэн ширгэжээ. Холбооны Засгийн газар наймдугаар сард анх удаа Колорадо гол ширгэж байгааг мэдэгдэж, 2022 оноос эхлэн баруун өмнөд мужуудын усны хэрэглээг заавал танах шийдвэр гаргасан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 2021 оны онцлох 10 үйл явдлыг “CNN” нэрлэлээ   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй