
Украины нөхцөл байдал Крымыг булаан авсан үеэс хойш хамгийн хүнд үедээ ирснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс мэдэгдлээ. “Украины нөхцөл байдал 2014 оноос хойших хамгийн таагүй үедээ ирээд байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари Дикарло өнгөрсөн пүрэв гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
Элдэв таамаглал, цэргийн зөрчилдөөн гаргах вий гэж бие биесээ буруутгаж байгаа нь онц аюултай асуудал гэж тэрбээр хэлсэн байна. Тиймээс НҮБ зөрчилдөгч бүх талыг аль болох хүлцэнгүй байж, Минскийн гэрээний үг хэллэг, үзэл баримтлалд харшилсан эсвэл хэрэгжилтэд нь аюул учруулж, шинэ хурцадмал байдалд хүргэж болзошгүй нэг талын үйлдлээс зайлсхийхийг уриалжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтон Блинкен үг хэлсэн. Энэ үеэрээ Оросын дайчид Украин руу ойрын хугацаанд халдахаар зэхэж байна гэсэн мэдээлэл бий гэжээ. Орос Украин руу дайрах шалтаг гаргахаар төлөвлөж, үүндээ хуурамч, мөн химийн зэвсэг ашигласан жинхэнэ халдлага ашиглаж байна гэсэн байна. “Орос энэ үйл явдлаа угсаатны цэвэрлэгээ, геноцид ч гэж тайлбарлаж мэднэ” хэмээн Блинкен мэдэгдээд, Украин руу дайрахгүй гэдгээ дэлхий нийтэд ойлгомжтой, тодорхой мэдэгдэхийг Оросын Засгийн газарт уриалсан байна. Түүнчлэн ирэх долоо хоногийн сүүлчээр Европт уулзах санал бүхий захидлыг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт илгээснээ мэдэгджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Минскийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар жил бүрийн уулзалтаа тийнхүү зохион байгуулсан юм.
Украины нөхцөл байдал хамгийн хүнд үедээ ирснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс мэдэгдлээ | ||
Үзсэн: 539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.