
(Таталбар)
Спортын ертөнц галт уул лугаа. Мөнхийн хөдөлгөөн, мөнхийн өрсөлдөөн, мөнхийн цацрангуй.
Тэр эрчис дундаас нүнжигтэй, нүүрийн буянтай аавын хүү, ээжийн охин товойн тодорч алдрын алтан титмийг тэргүүндээ залдаг. Сүхээгийн Цэрэнчимэд гэмээнэ тийм тэнгэр заяат болой.
Улсын аварга болоод, Японд сурах эрхээр шагнуулаад, арлын оронд хэлний бэлтгэл, бөхийн бэлтгэлд зэрэг яваад, “холын газар усны уртаас” гэрээ, ээжийгээ санаад, хүнгүйд ганцаараа уйлаад, тайвшрахаараа “дэлхийд түрүүлчихээд төрийн далбаагаа өндөрт өргөөд багш руугаа гүйж байна” гэж мөрөөдөлдөө умбаад... тэнд тэсэлгүй “нутаг гүйж” ирсэн анхил танхил жаахан охин бөмбөрцгийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглохоор НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орон Узбекстаны нийслэл Ташкентийг зорив.
“Торгоны зам”-ын зангилаа, өнө эртний шаштир түүхт Ташкент бол түүний танил хот. Хишиг буян, хийморийн даллагатай газар. Гурван жилийн өмнө энд Азийн аваргын хүрэл медаль хүртэж байв. Амжилт алдрын хонхны жингэнээн аяар аяар дуурьсаж эхэлж байв.
“Ташкент-2014” дэлхийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тив тивээс шигшигдэж ирсэн аваргуудын дэвжээн дээрх өрсөлдөөн есдүгээр сарын 8-нд эхэлж, эмэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Монголын залуу хүчтэн С.Цэрэнчимэд хурд, хүчний гайхамшгийг үзүүлж хуурнин шуугисан гал цогтой барилдаанаараа дэлхийн аваргын мөнгө, дөрвөн хүрэл медальт ОХУ-ын Наталья Гольцыг 7:0, Японы Казуки Сакамиг цэвэр, залуучуудын олимпийн хүрэл медальт Финландын Маарит Нейра Оллиг 5:0, олимпийн хүрэл, дэлхийн аваргын иж бүрдэл медальтан Азербайжаны Юлия Раткевичийг 12:3-аар буулган авч дэлхийн аварга болов. Оргилсон олны шагшаан шуугиан дунд арван естэй шинэ од тодорч, чөлөөтийн ертөнцөд цацран гялалзав.
Тэр бол дэлхийд түрүүлсэн Монголын хамгийн залуу манлай.
Залуу манлай хөл авахдаа эрдэм төгс. Ундаргатай. Ганган шүүрнэ. Алдалж суугаад, өсгийдөж тавхайдаад, шилбэдэж нарийсгаад гаргаад ирнэ. Эс бөгөөс давхар хамаж, хөлийг нь томж эргүүлэнгээ залгуулаад ард нь гараад явчихна. Холбоос сайтай. Барилдаж байгаа нь бийрийн уран бичлэг шиг чамин. Оноог хоёроор нь, гурваар нь бөөндөж олон учраагаа буулгаж авахыг харсан нүд, сэтгэл баясахгүй байхын аргагүй.
Хөл авах мэх чөлөөт барилдаанаас оноо авах хамгийн боломжит мэх. Мэдрэмж, ухаан сийрэг, асч дүрэлзсэн хурдтай хүний л хийдэг мэх.
Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр гэж ах дүү багш нарынх нь зааж өвлүүлж өгсөн, Цэрэнчимэдийн гэж онцолж болох хөл авах мэхний өвөрмөц, нандин хувилбарууд дэлхийн бөхийн мэхийн санд данслагдсан бөлгөө...
Спортын сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрах
Тэнгэр заяат | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.