Шууд Chart

Далай тэнгисийн хөх судалт "аварга нүүдэлчин"

2022-03-22 09:14:38

Бид танин мэдэхүйн фото мэдээллийн булангаараа энэ удаад хөх судалт халимын талаар товч мэдээллийг хүргэж байна. Далай тэнгисийг эзэгнэсэн гайхамшигт амьтдын нэг бол яахын аргагүй хөх судалт халим юм.

Хөх судалт халим нь дэлхий ертөнцийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том амьтан гэдгээрээ онцлогтой. Түүний биеийн урт 20-30 метр бөгөөд биеийн жин нь 100-200 тонн байдаг. Сэлүүрийн урт 3-4 метр.

Хөх судалт халимыг техникийн дэвшил, хөгжлийг ашиглан  агнах явдал гаарсан нь энэхүү төрөл зүйл ховордох эрсдэлийг үүсгэж эхэлсэн байдаг. Харин 1970 оноос хуучнаар ЗХУ халимын хууль бус анг  зогсоосон байна. Гэвч энэ хүртэл аль хэдийн Антарктидад 330 мянга, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст 33 мянга, хойд Номхон далайд 8200, хойд Атлантын далайд 7 мянган халим хууль бус ангийн золиос болсноор өдгөө 25 мянгаас дээшгүй тоо толгой үлдсэн гэх баримт бий.

Энэ халим нь бүх далайд амьдардаг нүүдэлчин амьтан. Зуны улиралд гол идэш нь болох нэг төрлийн маш жижиг сам хорхойгоор баялаг Хойд мөсөн далайд, өвөл нь Антарктидын далай хавиар нутаглана. Үржлийн үе болон зулзагаа өсгөхөөс бусад үед ихэвчлэн ганцаар амьдардаг. Хөх судалт халим 8-10 нас хүрээд нас бие гүйцэх бөгөөд 80 орчим насалдаг. Насанд хүрсэн халим нэг өдөрт дунджаар 4 тонн орчим сардин болон сам хорхойгоор хооллоно.

Эм халим 2-3 жилд нэг төрнө. 11 сар хээлээ тээж, зулзага нь 7 м урт, 2700 кг жинтэй төрдөг аж. Ихэр зулзага төрүүлэх нь тун ховор юм. 7-8 сар хөхүүлдэг байна. Хөх судалт халимын зулзага нэг өдөрт 380-570 литр сүү хөхөх ба нэг өдөрт 90 кг жин нэмдэг байна. Үржлийн үе нь намар орой эхэлж өвөл дуустал үргэлжилнэ.

Хөх судалт халим нь хамгийн чанга дуу гаргадаг амьтан юм. Хэт нам долгионы том хүрхэрсэн дуу гаргах ба 150 км цаадах халимтай холбоо барьдаг байна. Цагт 50 км хүртэл хурдалж чадах ч ихэнх үед 20 км/цаг хурдтай сэлдэг. Хооллож байхдаа хурдаа 5 км/цаг хүртэл сааруулдаг. Хөх судалт халимын хэл нь 2.7 тонн, зүрх нь 600 кг жинтэй ажээ.

Мөн амандаа 90 тонн ус, тэжээл багтааж чадна. Хооллож байхдаа 10 минут шумбах бөгөөд жирийн үед нэг амьсгаагаар 20 минут шумбадаг. Судалгаагаар хамгийн удаан шумбасан нь 36 минут байв. Хөх судалт халимын байгаль дахь ганц дайсан нь алуурчин халим юм. Судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн халимын 25 хувь нь алуурчин халимын дайралтаас авсан шарх, сорвитой байдаг аж.


Далай тэнгисийн хөх судалт "аварга нүүдэлчин"  
Үзсэн: 2309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-20 13:24
Үнэхээр том юм аа

Бидэнтэй нэгдээрэй