Шууд Chart

Өдөр бүхэн шинэ

2022-04-03 11:47:07

Монголын яруу найрагт ийм нэгэн гайхалтай мөрийг Ламжавын Мягмарсүрэн бичиж, шүлгийн номоо ч нэрлэж билээ. Өдөр бүхэн шинэ. Юутай энгүүн хэрнээ гайхамшигт үгс вэ.

Шинэ...? Өглөө бүхэн мандаж буй нар шинэ, үдэш бүр ургаж сар шинэ. Усны урсгал, ирэлжээ жирэлзээ давалгаа бүр шинэ. Өндөр тэнгэрийг өдөр бүр харах минь цоо шинэхэн. Уйдашгүй гайхам сайхан билээ.

Уран зохиол ч мөн адил өдөр бүхэн шинэхэн байхыг л үргэлж хүсч тэмүүлж ирсэн. Тэр зорилгодоо хүрсэн нь даанч цөөн. Халуун пийшингээс гарсан талх шиг таатай үнэр, дөнгөж цухуйх нялх ногоо шиг эмзэг энхрий таатай мэдрэмж, өвлийн азарган цагаан шуурга нүүр нүдгүй шавхуурдах тийм мэдрэмжийг унших бүртээ хүртэж байвал тэр жинхэнэ уран зохиол. Би Монголын уран зохиолыг бага сага уншсан. Унших бүртээ Дарма Батбаяр, Очирбатын Дашбалбар хоёроос үргэлж цоо шинэ өдөр, цоо шинэ агшин, цоо шинэ үзэл, цоо шинэ төсөөлөл мэдэрдэг. Энэ хоёр зохиолчийг унших бүртээ хөг алдардаг. Ариусдаг, уран зохиол хичнээн гайхамшигтай вэ гэж бахаддаг. 

Дарма Батбаяр гуай шиг насан туршаа эрэл хайгуулж хийж, насан туршаа шинийг бүтээж, насаараа аливааг анзаарч, ажиглаж, олж хуримтлуулсан бүхнээ хойч үедээ бэлэг болгон үлдээсэн зохиолч ховор. “Бүтээхүйн зүй тогтол”, “Сайхныг бүтээхүйн нууц”, “Навчисын хүүрнэл”, “Аниргүй эрвээхэй”, “Инга миний хээр тал” ...

Очирбатын Дашбалбар идэр залуухан 42 наслахдаа “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр” хэмээх гайхамшигт өдрүүдийг үлдээсэн. Балбарыг унших бүрийд би 5000 жилийн өмнөх өвс ногоон дээр алхаж яваа шиг, эсхүүл 5000 жилийн өмнөх хүмүүний үр сад гэдгээ мэдэрч, тэдний цус, тэдний хүсэл зорилго миний судсаар урсаж, миний тархинд асаж байгааг дурьдан санаж, оддын аялгуу сонсон, сансрын замаар алхаж яваа мэт бодогдоно. Эсхүүл Африкт арслан заантай тулалдаж, эртний хүмүүстэй Гурван цэнхэрийн агуйд гал тойрон дагжин чичирч суусан шиг бодогдоно. Энэ бол уран зохиол шинэ байхын ид шид буй заа. Хуучин номыг нэг удаа хальт уншаад ахиж сөхөж харахгүй байх үе бий.

Энэ хүртэл нуршсан минь учиртай. Манай үе (1990-ээд оныхон) тэртээ 30 жилийн өмнө гурван зуу, магадгүй дөрвөн зуугуулаа байлаа. Бүгд л ид бичиж, уран зохиолоор шид увидас, агуу ихийн дэмийрлээр өвчилж явлаа. Эдүгээ цөөрчээ. Цөөрсөн нь хоёр шалтгаантай. Нэгэн үеийг үүрэлцэж явсан цөөнгүй анд нөхөд хорвоогоос буцжээ. Тэднээс ч олон нь уран зохиоолоос явжээ. Үлдсэн цөөн мань мэт нь уран зохиолын буулганд илжиг мэт зүтгэж үлджээ. ГЭВЧ... Над мэтийн туйлбаргүй зарим нь зохиолчийн малгай өмсчихөөд үмх талх, хэрчим мах, амьдралын өдөр тутмын аар саарханд сатаарч, өөрсдийгөө олон жил хуурчээ. Тэр цагийн гурван зуу, дөрвөн зуун “туурвигчдаас” эдүгээ гарын таван хуруунд багтах цөөн хүн үлдэж, цөхрөлтгүй, цуцалтгүй бичиж, өдөр бүр эрэлхийлж, хэнд ч анзаарагдамгүй нам гүмхэн амьдарнам, тэд. Тэд гэдэг чинь нэрлэж цөхөх юмгүй, цөөхөн. Мулцангийн Уянсүх, Гунаажавын Аюурзана, Сольтогтохын Дамдиндорж, Лувсандоржийн Өлзийтөгс, Баяртогтохын Батрэгзэдмаа, Нацагдоржийн Бадамжав гэсгээд л зогсоно. Саяхныг хүртэл энд Пүрэвхүүгийн Батхуяг минь байлаа. Момо бол тасралтгүй туурвигч, нөр хичээнгүй нэгэн байв.  Тэд маань бидний нүглийг нимгэлэлцэж, Монголын уран зохиолын галд буй бүхнээ өргөж яваа юм.

Мулцангийн Уянсүх. 1991 онд намайг хотод ирэхэд зөрж Ховдод очиж Хөөдөөгийн Эрдэнэбаатартай олон жил дөрөө харшуулж, хундага харшуулсан байдаг юм. Гэвч эчнээ далдуурхан биесээ хайрлаж, нэг нэгнээ тэрүүхэндээ үнэлж, тоож, уншиж явсан байдаг юм. Тэгээд тэр сэтгэлээрээ ойртон, олон жил эрүүл саруул нөхөрлөсөн байдаг юм. Уянсүх бид хоёр лонх суллаж, дарс ханзалж явсангүй. Цагтаа гашуун нясуун ундааг тойрч яваагүй атал Уянсүх бидэн цоо эрүүлээр нөхөрлөсөн улс. Нэг талаар уран зохиолын ид шид, нөгөө талаар 1990-ээд оныхон гэдэг цэнхэр туг биднийг олон жил нөхөрлүүлсэн юм.

Эдүгээ юм их сайхан болжээ. Өглөө бүр Уянсүхийн цоо шинэ шүлгийг фэйсбүүкээс уншиж, ойр ойрхон шинэ өгүүллэг, тууж, романыг нь тосч авч, анд нөхдийн тухай, ахмад үеийн тухай бичсэн хөрөг, тэмдэглэгээг шимтэн уншиж, Уянсүхийн нүдээр зарим үед бусдыг нээж л явна. Тэр бол үргэлж шинэ байж, тасралтгүй бичихийн үлгэр юм надад.

М.Уянсүхийн тууж, романыг уншаад би ёроолд нь хүрч, цаад талд гарч байгаагүй. Нуугааад яахав. Уран зохиол бол яг энэ юм байна, Уянсүхийн зохиол бол 2+2=4 юм гэсэн хариу гаргах ямар ч боломж надад байхгүй, тийм эр хар зориг бүдүүн зүрх ч байхгүй. Түүний өгүүллэг, цаашлаад тууж, ялангуй романууд илүү туульслаг, зөн билэг, ёр билгийн сүлэрсэн найрсал. Энэ бол миний бодол. “Аварга мод”, “Үр нахиа дүрсээр наадагч толь”, “Оройн дээд” ... Эдгээр ном бүгд надад бий. Би бага сага уншсан. Надад ийм л бодол төрдөг.

Жүжгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, судлаач Я.Баяраа "2020 онд үлдэх номууд" гэсэн жагсаалт гаргасан байна лээ. Тэнд эхний эрэмбэнд Уянсүхийн "Үр нахиа"-г дурдаж, яруу найрагч, судлаач Г.Бямбажавын “Үр нахиа” номын өмнөтгөлд зориулсан үгнээс эшилжээ. Г.Бямбажав “М.Уянсүх өөрийн оюун санааны аглагт бий болгосон хавтгай дэлхий дээр цаг хугацааны хүрдэт тойргоор аялахдаа ёр бэлгэ, гүн ухаан, үлгэр домог, төсөөлөл ба бодит байдал сүлжилдсэн, сэтгэлзүйн нарийн адармаатай дүрслэл бүхий далд ухамсрын бэлгэдлүүд гүнзгий туссан өвөрмөц нэгэн ертөнцийг бүтээжээ”. Г.Бямбажавын энэ тодорхойлолт дүгнэлт юуны өмнө “Аварга мод”, “Оройн дээд” романд илүү хамааралтай байж ч болох юм.

М.Уянсүхийн ойрмогхоны нэг ярилцлагыг уншлаа. Тэнд “Энэ цаг үе өөрөө уран бүтээлч төрүүлэх хөрстэй нийгэм биш. Товч хэлэхэд нийгмээрээ мухардалд ороод байна. Ядарч туйлдсан гэхээсээ оюун санааны хувьд доройтсон. Итгэл үнэмшил гэж алга. Өөдрөг тэмүүлэл ч гэж алга” гэсэн байна лээ. Гэтэл С.Уянсүх чинь тэртээ 90-ээд онд “Зүс бүгэг андууд”-ыг бүтээлцэж явсан долоогийн нэг шүү дээ. Амьдрал өнөөдрөөс хүнд хэцүү байсан үе. Өлөн зэлмүүн 90-ээд он, оюутны байранд талхны булан олдвол дээдийн заяа байсан үе. Гэсэн ч крантны ус, хольцгүй талхтай ч, архиа ууж, шүлгээ бичиж, дурлаж, бадран хөгжиж явлаа. Тэр үед өнөөгөөс илүү оюун санааны, сэтгэлэг, эрх чөлөөний оргилсон бадрангуй үе, итгэл үнэмшил, сайхныг бүтээх хязгааргүй тэмүүллийн үе байжээ. Эргээд санах нь ээ, магадгүй өнөөгийн нийгмийн энэ байдал олон зохиолчийг үзгээ хойш тавьж, талх тариахны төлөө хүзүүгээ гүрдийтэл, хөлөө чөрийтөл зүтгэхэд хүргэсэн биз. Уран зохиолын хувьд хохирч хоосонг нэрнээс цаашгүй үлдсэн, амьдрахуй хувьд хожсон бүхэл бүтэн сүрэг бий болсон. Нуугаад яахав...

Алдар нэр, ашиг хонжоо, магтаал сайшаал бодолгүй өөрийнхөө бичсэн, нөр их бичсэн туурвигч гэвэл М.Уянсүх мөн. Хэн ч маргахгүй буй заа. Би ийм юм хийчихлээ гэж хашхираад байхгүй ч олон хүн мэддэг юм. Хэтэрхий дотно мэддэг хэрнээ над шиг зарим нь түүний тухай дуугарахаасаа, бичихээсээ болгоомжилдог юм. Учир нь аливаа юмны тухай чин үнэнээсээ ярина гэдэг чинь цаад захад нь гардаггүй юмаа гэхэд ядаж наад захад нь хүрсэн байхыг хэлнэ. Тэгж байж зохиолчийн ур чадвар, үзэл санаа, туурвилзүйн тухай хоёр үг хэлэх эрхтэй болох юм. Нөхрийн тухай, хүний тухай гэвэл, алдаж онодог амьдралын тухай гэвэл би лав М.Уянсүхийн тухай хэд хичнээн олон хуудас, уртаас урт түүх бичиж чадахсан билээ.

Зүгээр л, Дарма Батбаярыг уншихад үргэлж төрдөг шинэ мэдрэмж, Очирбатын Дашбалбарыг уншихад тархи зүрх эзэмддэг тэр мэдрэмжийг би цаг ямагт Мулцангийн Уянсүхийн шүлгүүд, түүний туульслаг романуудаас олж хүртдэг болохоор түүнийг би ӨДӨР БҮХЭН ШИНЭ байдаг гэж боддог доо.

 Бидэрийн Баярсайхан

Нийтэлсэн: Б.Баярсайхан

Өдөр бүхэн шинэ  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй