Шууд Chart

Б.Онх: Галынхаа барилдаанд Т.Артагт худал унаж өгсний хэрэг нэг гарсан даа

2022-04-27 14:14:31

Монгол Улсын начин Баасангийн Онхтой ярилцлаа. Түүний залуу байхдаа шуудагны барьцнаас ид барилддаг байсан гэдэг юм билээ.

-Таны төрж өссөн нутаг, аав ээжийн тань талаар яриагаа эхэлье?

-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумынх. Аавыг Баасан гэдэг. Ээж маань биднийг бага байхад бурхан болсон. Эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд ээж нас барахынхаа өмнө хоёр дүүг айлд өргүүлчихсэн юм. Уг нь 1947 оны гахай жил Завхан голын хөвөөнд төрсөн. Шуудангийн унаа явахад хүндрэлтэй гээд манай сумыг Говь-Алтай руу шилжүүлсэн гэдэг. Би тэнд эрдэм номын мөр хөөрсөн. Ер нь багш нар албадан сургуульд сургасан даа.

-Албадсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Би ахтайгаа нэг ангид сурсан. Тэр надаас гурав ах. Багш нар эцэг, эхээс зөвшөөрөл авч бидний хэдэн хүүхдийг мал тууж байгаа аятай сургуульд хүчээр суулгасан. Учир нь хүүхдүүд гэрээсээ хол явах дургүй байсан болохоор тэр.

-Таны бөх болох хүсэл хэрхэн төрсөн бэ?

-Би хоёр талын удамтай. Дээхнэ үед “Бөх Ундрах”, “Бөх Гончиг”, “Бөх Бадрах” гээд нутаг усандаа цуутай хүмүүс манай удамд байсан юм билээ. Гончиг ах бол биерхүү. Араас нь харвал Х.Баянмөнх аваргатай андуулахаар том цээжтэй хүн байсан. Манай нутгийн Бүдээхүү багш надад охидуудын дээл өмсгөөд анх барилдуулсан нь 1959 оны хүүхдийн барилдаан юмдаг. Би дэвж, шавж огт мэдэхгүй, их хөгтэй. Аймгийн цэнгэлдэх хүрээлэнд намайг дагуулаад очлоо. Гаднаас нь анх харахад Нэгдлийн хашаанаас учиргүй том шавар хашаа санагдаж билээ. Би хүч үзсээр байгаад 20 гаруй хүүхдээс тавдугаар байрт орсон. Аав бөхөд дуртай болохоор миний амжилтанд учиргүй их баярласан. Тэр барилдаанд чөлөөт бөхийн сахал Рагчаа түрүүлж байлаа.

-Дараа нь ямар барилдаанд зодоглов?

-Зун нь сумынхаа наадамд анх удаа гарахдаа хоёрын даваанд сумын заан Арц, гурвын даваанд мөн сумын заан Жаргалыг давсан. Жаахан хүү гурав давсан болохоор ах нар амлах гээд намайг булаацалдаж байсныг санаж байна. Аав намайг “Сайн барилдлаа” гээд нэг их гоё бэлэг өгсөн санагдана. Тэр бэлгийг нутгийн лам аваад гол гаргасанд их харамсдаг. Түүний дараа манай нутгийн Хайнзан гээд настай бөх аавтай уулзаад “Танай энэ хүү л сайн бөх болно” гэж хэлсэн гэдэг. Удалгүй би хот руу ирж, нэгдүгээр цахилгаан станцад ажилд орлоо. Өдөр нь ажлаа хийнэ, орой нь сургуульд сурч степент авна. Тэр үед над шиг баян оюутан байгаагүй.

-Улаанбаатарт ирээд бөх болох хүсэл мөрөөдлөө хэрхэн лавшруулсан бэ?

-Найз нартайгаа 1962-1963 он солигдох шинэ жилийн баяр тэмдэглээд явж байтал хоёр хулгар чихтэй хүн намайг учиргүй шинжиж гарлаа. Хумс, хүзүү, гар, өвдөг гээд үзэхгүй юм алга аа. Тэгэхдээ бүр шинэ жилийн баяр дээр шүү. Тэд нэгдүгээр сарын 3-ны өдөр Спортын төв ордонд заавал ирээрэй гээд явсан. Намайг шинжсэн тэр хүмүүс бол Ардын багш С.Магсар, Х.Намшир гуай нар байлаа.  Хэлсэн ёсоор Спортын төв ордны чөлөөт бөхийн секцэнд очоод өнөөх алдартай аварга, арслангуудыг сайн харж авсан даа. Багш эхлээд саунд орж хир буртгаа цэвэрлэ гээд шар хүү дагуулж гаргасан нь олимпын хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэр юм. Тэгээд саунд ортол хоёр сайхан “амьтан” сууж байдаг юм байна. Өнөөх том, жижиг Санжаа. За, энэ мөчөөс миний бөх болох ажил эхэлсэн дээ. Тэнд олон арга мэх заалгасан. Станцынхаа цементэн шал дээр ч залуустай ноцолдоно. Ер нь бөх барилдах дон туссан. Гэтэл нэг бэлтгэл дээр хавиргаа хугалчихлаа. Тэгээд чөлөөт бөхөөс хөндийрсөн.

-Тэгээд самбо бөх рүү урвасан гэдэг байх аа ...

-1968 оны самбо бөхийн спартикиадын 68 кг-ын жинд түрүүлэхдээ Х.Намшир багштайгаа хүч үзсэн. Хэн хэн нь оноо аваагүй болохоор жин багатайг нь ялагч болгож байлаа. Би багшаас 50 грамм бага жинтэй байж таараад түрүүлсэн.

-Тэр үедээ үндэсний бөхөөр барилдаж байв уу?

-Манай нутгийн улсын заан У.Пүрэвээ намайг ятгасаар байгаад 1966 оны үертэй жилийн улсын баяр наадамд барилдуулсан. Улсын наадамд анх удаа барилдахдаа нэг давлаа, баярласан гэж жигтэйхэн. Тэр үед халхын цуутай аварга, арсланг дэргэдээс нь хараад үндэсний бөхөд улам хорхойссон. Дараа нь хоёр хүүхэд олгойтой эмнэлэгт сахиж байтал дархан аварга Х.Баянмөнх хүрч ирээд зад загнаад наадмын бэлтгэлд гаргаж билээ. Ажлын газрын дарга нар хүртэл наадсын бэлтгэлд гар гээд сүйд. Би тэнд бэлтгэл хийх дуртай байгаагүй. Цаг гарвал унтана. Тэгсэн бэлтгэлийн үеэр Ж.Бор харцагатай барилдаж байгаад айхтар бэртдэг юм. Хөндүүрлээд барилдах арга алга. Бэртсэнээ нууж байгаад 1978 оны улсын наадамд барилдлаа. Тэгсэн дөрвийн даваа эхлэхийн өмнө улсын заан Д.Цэнд-Аюуш “Д.Баяраа гарьдтай таарсан шүү” гээд гарын даа нарын тэндээс чангаар хэлж байна. би Баярааг бороо зөөлөн шивэрч байхад агаарт нистэл хавирсан. Халтиргаа үүсэхийг хүлээж байгаад мэхээ хийсэн. Д.Баяраа бид хоёрыг тааруулах ажлыг дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нар найруулсан юм билээ. Бэлтгэл дээр Д.Баяраа намайг ихэвчлэн даваад байсан юм л даа.

-Тавын даваанд улсын арслан Г.Дэмүүлд амлуулахад юу бодож суув?

-Дөрөв даваад үнэндээ ханачихсан. Тэгсэн У.Пүрэвээ заан бас дөрөв давдаг юм. У.Пүрэвээ зааны өмнө амласан бөхчүүд намайг авахгүй эрх биш намайг дэмжих байгаа гэсэн шүү юм бодож байлаа. Гэтэл миний аз дутаж, улсын арслан Г.Дэмүүл гуай намайг авлаа. Улсын арслан П.Дагвасүрэн ойрхон байхаар нь “Г.Дэмүүл арслантай яаж барилдах вэ” гэж асуутал “Түрүүлж мэх хийлгүй, нүд рүү нь сайн ширт” гэлээ. Тэр барилдаанд намайг жижиг Санжаа гуай засаж байлаа. Учиргүй том биетэй хүнтэй удаан барилдахаар хөлс гараад сайхан боллоо. Одоо л санасанаа хийе гээд бодож байтал арслан намайг өхийлдөөд гэдрэгэ харуулаад суулгав. Бэртэлтэй хөл зовиурлаж байна. Эмч нар өвчин намдаах тариа хийгээд ч намдах янзгүй. Тэгээд наадмын дараа яг 10 хоног хэвтсэн.

-У.Пүрэвээ зааны аманд хүрсэн бол таныг дэмжих болов уу?

-Би У.Пүрэвээ заанаас гуйгаагүй. Гэхдээ намайг дэмжинэ гэж харж байсан. Бид сайн ярьвал садан.

-Та хожуу улсын цол хүртсэн байх аа ...

-Тэр жил Сонгины амралтанд наадмын бэлтгэлд ердөө долоо хоног гарсан. Би С.Цэрэн аваргын далбаа дор халамж гээчийг эдлэх шиг болсон. Аваргыг очсон айл бүр дайлна. Би галынхаа барилдаанд олигтой барилдаагүй. Хоёрын даваанд хүчээ нөөж, олимпын хүрэл медальт, улсын начин Т.Артагт худлаа унаж өгсөн. Долоодугаар сарын 9-ний өглөө наадамд барилдахаар Спортын төв ордон руу явж байтал Ленин клубын өмнө хорьтын мөнгө олсон. Үүнээс илүү бэлэг дэмбэрэл гэж юу байх вэ гээд халаасандаа хийлээ. Тэгээд бүртгүүлчихээд зуслан руугаа явж байтал дахин сүлд нь дээшээ харсан 20-тын мөнгө олдог юм. Тэр өдөр хуримын машинтай хоёр ч таарсан. Элдэв юм бодогдоод болдоггүй.

-Юу бодогдсон гэж ...

-Энэ жил дөрөв давах юм биш байгаа гэж. Бусад шиг шаналаагүй, сэтгэл сайхан засарсан. Тэгээд зусландаа хариугүй орох гээд явж байхад дээл нь задгай жирэмсэн хүүхэн миний урд шээж байна.

-Та цээрлэсэн үү?

-Яалаа гэж. Шээж буй жирэмсэн эмэгтэйтэй таарах сайн. Начин болох биш байгаа гээд их горьдох болсон. Наадмын хоёр дахь өдөр зуслангийн ачааны машин удаан хүлээлгэснээс болж цэнгэлдэхэд хоцорч ирсэн. Би дарга нарын ордог хаалгаар хар гүйхээр орж иртэл намайг хасна гээд тайлбарлагч Г.Цоодол гуай зарлаж байна. би талбайн голоор хар хөлсөө цувуулсаар “Би байгаа шүү” гэж хэлээд хасагдахаас аврагдлаа. Тэр даваанд хэнтэй барилдсанаа санадаггүй юм. Давж ирээд аймгийн начин Манлайбаатарт дээлээ өгтөл улсын заан Р.Давааням “Бор дарс хүртдэг хүнд хувцасаа өгөөд байхдаа яах вэ дээ” гээд загнав. За тэгээд гурвын даваанд улсын начин Лхагва-Очиртой таарсан. Маш хэцүү ч барилдаан болсон. Би угаасаа жижиг биетэй хүнтэй барилдах дургүй.

-Дөрвийн даваанд Т.Артагийг яаж “аргалав”?

-Тийм ээ. Бороо зөөлөн шивэрч байхад наадмын талбайн баруун урд талд байдаг овон товонг тааруулж байгаад сэнжигнээс ганцхан дугтартал өнөөх чинь гулсаад унасан. Наадмын бэлтгэл дээр түүнд худал унаж өгсний хэрэг тэгж гарсан. Би их азаар давсан даа. Түүнийг даваад бөхчүүдийн суудаг хэсэгт иртэл улсын заан Ё.Ишгэний эхнэр, улсын аварга С.Цэрэн Ё.Ишгэн хоёрын хоол ундыг авч ирсэн байна. Удаан барилдсан болохоор ам цангана гэж жигтэйхэн. Тэгсэн Ё.Ишгэний эхнэр С.Цэрэн аваргад эхэлж барих ёстой цайг надад түрүүлж өгдөг юм. Би аварга руу хартал толгойгоороо зөвшөөрч буй бололтой дохиж байна. Тэгээд өнөөх халуун цайг ганц амьсгаагаар уучихсан. Чанасан махнаас хэд сайн өмхөж аваад талбай руу гарах гэтэл Д.Жамц начин зогсоогоод “Чи миний аманд ирвэл би дэмжинэ” гэж ам гарлаа. Д.Баярааг авч болохгүй гэсэн санаагаа хэлж байгаа нь тэр. Тэгсэн Д.Жамц Д.Дамдин аваргаас “Тэгвэл та Онхыг тав дээр авчих” гэв. Тэгээд Д.Дамдин аварга намайг тав дээр дэмжихээр болж, бид саллаа.

-Аварга тэгээд амласандаа хүрсэн үү?

-Д.Дамдин аварга дөрвийн даваанд Норовт уначихсан юм. Начин болох өнгөрлөө гэж бодохоос хармсмаар. Тавын даваа эхлэхийн өмнө улсын заан Д.Амгаа, З.Дүвчин нартай ярьж зогстол Ч.Өвгөнхүү бидэн дээр ирлээ. Хэнийг амласан бэ гэж асуутал “Чамайг авсан” гэлээ. Нөгөө хоёр маань Ч.Өгөнхүүгээс “Онхдоо өгнө биз дээ” гэхэд генералууд заганана, яс үзнэ гэж байна. Ч.Өвгөнхүү улсын заан цолонд ид яригдаж байсан үе. Би засуулдаа шуудганд хүрч барилдана шүү гэдгээ хэлсэн. Бид тавын давааны хамгийн сүүлд үлдсэн. Би түүний ард гараад ч унагаж чаддаггүй. Хаширлаад бяр байв ч, үнэндээ сэтгэл явдаггүй. Бид барьц авах дээрээ маргалдав. Тэгээд зоос шидэж, барьц сонгуулахаар болоход би зоос хэнд буусныг харж чадахгүй туг руу алхсан. Тэгсэн “Онхын талаар буулаа” гээд засуул хар гүйхээрээ ирж явна. Энэ боломжийг алдаж болохгүй гээд биеэ хурааж байгаад хүчээ ганц сайн гаргасан. Учраа бөхөө даваад туг руу их хурдан гүйсэн гэдэг. Би тэр үйлдлээ санадаггүй юм. Нэг мэдсэн Г.Батсүх найз маань уйлчихсан зогсож байна. Зургаагийн даваанд Х.Баянмөнх аваргад унасан. Үнэндээ цолондоо ханасан даа.

-Ч.Өвгөнхүү харцагыг ид үед нь даваад бөөн дуулиан тарьжээ ...

-Тэгсэн. Түүнийг улсын заан болно гэж амтай болгон ярьж байсан наадам. Ч.Өвгөнхүүгээр цол авсан болохоор түүнийг гэртээ урьж цай уулгах ёстой ч амжихгүй байсаар 15 жил өнгөрсөн.

-Цол авсан жилдээ багтаж уриагүй юм уу?

-Би цол авсныхаа дараа үхэх дөхсөн. Хоёр жил хэртэй хүний гар харсан хүн. Тэгсээр байтал 15 жил өнгөрсөн байдаг. Түүнээс хойш олигтой ч барилдаагүй. Хоёр жилийн наадам өнжиж байгаад хөлийн цэц хийсэн.

-Таныг сэнжигнээс илүү сайн барилддаг байсан гэж ярьдаг юм билээ. Одооны бөхчүүдээс хэн нь тэрхүү барьцнаас сайн барилдаж байна вэ?

-Миний үндсэн барьж байгаа юм. Энэ барьцаар сайн барилдсан бөх гэвэл улсын гарьд И.Доржсамбуу, ид барилдаж байгаа улсын заан Ц.Одобаяр нар байна. Би тэрхүү арга барилаа И.Доржсамбууд зааж өгч байсан юм. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд унаад байхаар нь заасан хэрэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Онх: Галынхаа барилдаанд Т.Артагт худал унаж өгсний хэрэг нэг гарсан даа   
Үзсэн: 4200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй