Шууд Chart

Латвийн оршин суугчдын авлигад хүлцэнгүй хандах байдал багасаж байна

2022-05-17 11:58:51

Латви улсын оршин суугчдын 85 хувь, бизнес эрхлэгчдийн 73 хувь нь янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн албан тушаалтнуудад хахууль өгөхгүй гэж хариулжээ. Латви улсын Авлигатай тэмцэх товчооноос явуулсан судалгаагаар илүү баталгаатай байдал болон асуудал шууд шийдэгдэж байгаа зэрэг нь хээл хахуулийг зөвтгөх шалтгаан гэж оршин суугчид болон бизнес эрхлэгчид үзсэн байна.

KNAB-аас 2021 онд хийсэн судалгаатай харьцуулахад энэ жил хоёр бүлгийн хээл хахуулийн талаарх санал бодол өөрчлөгдсөн байна. Оршин суугчдын дунд хээл хахуулийг эсэргүүцэх түвшин нэмэгдэж, харин бизнес эрхлэгчдийн дунд хээл хахуулийг байж болох зүйл мэтээр хүлээн авах хандлага нэмэгджээ. Энэ нь Ковид-19 тахлын улмаас бизнес эрхлэгчдэд тавьсан хориглолт, хязгаарлалттай холбоотой байж магадгүй юм. Хэдийгээр энэ хоёр жилийн хугацаанд хээл хахууль гарах болсон хамгийн түгээмэл шалтгаан нь баталгаатай байдал болон асуудал нь шууд шийдэгдэж байгаа зэрэг байсан ч энэ жилийн судалгаагаар хоёр бүлэгт тодорхой өөрчлөлт гарсан гэж BNN-д KNAB-аас мэдэгдэв.

Судалгаагаар сүүлийн хоёр жил оршин суугчдын 20 хувь буюу таван хүн тутмын нэг нь өөрт нь тулгарч байгаа асуудлыг шийдэхийн тулд хууль бус аргуудыг ашигласан нь илэрсэн. Ихэвчлэн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар төрийн мөн олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд тохиолдсон байна.

Судалгааны үр дүнгээс харахад эдгээр хууль бус аргыг бизнес эрхлэгчдийн 31 хувь буюу бараг гуравны нэг нь ашигласан байна. Энэ нь барилгын ажил, төрийн болон хотын худалдан авалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ихэвчлэн гарчээ. Хоёр бүлгийн хууль бус аргуудын хамгийн түгээмэл хэлбэр бол хувийн харилцаа холбоо юм.

Оршин суугчид авлигатай тэмцэхэд туслах шийдлүүдийн талаар асуухад шийдвэр гаргахад нөлөөлдөг хүмүүс, байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, түүнчлэн төрийн худалдан авалтад тавих хяналтыг чангатгах талаар дурджээ. Харин бизнес эрхлэгчдийн дунд буруутай этгээдэд ил тод байдлаар хариуцлага тооцох, албан тушаалтныг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар томилох нь зүйтэй гэсэн нийтлэг байр суурьтай байна.

Оршин суугчдын дунд хээл хахуулийг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байгаагийн зэрэгцээ авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхөд бэлэн болсон оршин суугчдын тоо нэмэгдсээр байна. Оршин суугчдын дийлэнх буюу 61 хувь нь мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа бол 19 хувь нь хэн болохыг нь илчлэхэд бэлэн байна. Авлига авах хүсэлт гаргасан эсвэл албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдолд судалгаанд оролцогчдын 38 хувь нь энэ тухайгаа ҮАБЗ-д мэдэгдэнэ гэж хариулжээ. Мөн залуучуудын дунд идэвхтэй байдал хамгийн өндөр байгаа нь судалгаанаас харагдаж байна.


Латвийн оршин суугчдын авлигад хүлцэнгүй хандах байдал багасаж байна  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй