Шууд Chart

Швед, Финландын удирдагчид НАТО-д элсэх төлөвлөгөөгөө нотоллоо

2022-05-18 13:19:07

Швед болон Финланд улсын удирдагчид НАТО-д элсэх өргөдлөө хамтдаа гаргах болсноо мягмар гарагт Стокхолм хотноо мэдэгджээ.

Энэ үйл явцын туршид хоёр улс хамтдаа мөр зэрэгцэн явах болно гэж Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон хэлсэн байна. Тэд өнөөдөр цугтаа өргөдлөө гаргах болно гэж "Эн-Эйч-Кей" мэдээллээ.

Аливаа цэргийн эвсэлд үл нэгдэх уламжлалт байр суурь баримталж ирсэн Швед, Финланд хоёр улс Украинд үүссэн нөхцөл байдлаас үүдэн статусаа эргэн харахад хүрсэн байна.

Энэ хоёр улс НАТО-д элссэнээр Балти хавийн бүс нутгийн нийтлэг ашиг сонирхолд дөхөм үзүүлнэ гэж Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон мөн хэлжээ. Гэхдээ эдгээр улс НАТО-гийн гишүүн Турк улсын эсэргүүцлийг давах ёстой болоод байгаа.

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Швед, Финланд улсыг курдын салан тусгаарлагчдыг орогнуулдаг гэж буруутгаж байна. Туркад тус бүлэглэлийг алан хядагчид хэмээн үздэг юм.

Хоёр улсыг НАТО-д элсүүлж авах саналыг Турк улс эсэргүүцэж байгааг Реджеп Тайип Эрдоган даваа гарагт мэдэгдсэн. Харин Швед, Финланд НАТО-гийн гишүүн бүх орны дэмжлэгийг авсан цагт гишүүнчлэх боломж нь бүрдэх юм.

Түүний сацуу Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё Реджеп Тайип Эрдогантай өнгөрсөн сард утсаар ярьсан. Тэр үед Реджеп Тайип Эрдоган “дэмжихээ илэрхийлж” байсныг ярьжээ.

Саули Ниинистё, Магдалена Андерссон нар өөрсдийн саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай хэлэлцэхээр пүрэв гарагт "Цагаан ордон"-д айлчлах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швед, Финландын удирдагчид НАТО-д элсэх төлөвлөгөөгөө нотоллоо  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй