Шууд Chart

Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга технологийг хэлэлцэнэ

2022-05-19 09:56:38

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Байгалийн гамшгаас үүсэх эрсдэл, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт онол, практикийн бага хурлыг маргааш буюу 20-нд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын  хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна.

Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний энэ удаагийн хурлаар байгалийн гамшиг, аюулт үзэгдэл (цөлжилт, ган, зуд, үер, хүчтэй салхи шуурга, газар хөдлөлт г.м.)-ээс үүсэх болзошгүй эрсдэлийг үнэлэх, таамаглал дэвшүүлэх, түүнээс нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга технологийг хэлэлцэх юм.

Эрдэм шинжилгээний хуралд гамшиг судлал, гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, түүнээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн нөлөөлөл, үнэлгээ, таамаглалын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцоно.

Монгол Улсад сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын температурын жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр байна.  Хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдэж, дулааны улиралд орох хур тунадас багасч, хуурайшилтыг нэмэгдүүлж байгаа юм.  Тиймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, холбогдох талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор  онол, практикийн бага хурлыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  


Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга технологийг хэлэлцэнэ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй