Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч БНСУ, Япон улсуудад айлчилна

2022-05-20 14:35:54

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгос болон Япон улсын удирдагчидтай харилцан ойлголцлоо бататгах зорилготой зургаан өдрийн айлчлалд мордсон байна. Тэрбээр өнгөрсөн онд албан тушаалдаа орсноос хойш анх удаа эдгээр улсад очиж байгаа нь энэ юм.

Байден энэ айлчлалаараа Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхлыг давхар бататгах зорилготой гэж “Ассошиэйтэд пресс”-ийн мэдээнд дурджээ.

Байден айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы ерөнхий сайд Фумио Кишида нартай уулзана. Тэд худалдаа, дэлхийн бараа хангамж нийлүүлэлтийн тасалдалгүй, тогтвортой байдлыг хангах, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал болон энэ улсад дэгдээд байгаа коронавирусний тархалтыг хэлэлцэх юм байна. Ням гарагт Японд айлчлах үеэрээ Америкийн төрийн тэргүүн Энэтхэг, Номхон далайн стратегийн “QUAD” эвсэлд багтдаг дөрвөн орны удирдагчидтай уулзалт хийнэ. Энэ дөрвөн орны тоонд Австрали, Энэтхэг, Япон улсууд ордог юм.

Байденын засаг захиргааны удирдлага дор АНУ ардчилал бүхий холбоотон орнуудтай эвсэж, энэ орнуудын эдийн засгийн хүч нөөцийг Оросоос Украинд халдан довтолсны хариу төлөөсийг төлүүлэх хүчин чармайлт хэрэгжүүлж байгаа. Энэ эвсэлд нь Өмнөд Солонгос, Япон улсууд багтаж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох нөхцөлд Хятад улс тусгаар эрх, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах шийдмэг алхам хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ.

Хятадын коммунист намын Гадаад хэрэг эрхэлсэн комиссын албаны дарга Ян Зечи Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливантай утсаар ярихдаа ингэж анхааруулсныг Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч БНСУ, Япон улсуудад айлчилна  
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй