Шууд Chart

"Цаг өгье" төсөл хэрэгжиж байна

2022-05-21 15:13:44

Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид жил бүр нийгэм рүү хандсан төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд 2021-2022 оны оролцогчид 4 багт хуваагдан, төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Цаг өгье" төсөл юм.

Төслийн хүрээнд тохижуулсан Мэдээллийн төв, хувцас угаалга, халуун усны газрын нээлт өнөөдөр боллоо.

“Цаг өгье” төсөл нь Сонгинохайрхан дүүргийн Орбит орчимд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цагийг багасгах, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд оролцох идэвхтэй оролцоог дэмжих зорилготой.

Хувцас угаалга, халуун усны газар ашиглалтад орсноор төсөлд сонгогдон хамрагдаж буй өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран хамгаалдаг эмэгтэйчүүд хоёр долоо хоногт нэг удаа хоёр сагс хувцас угаалгах, халуун усны газраар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй болно.

Энэхүү үйлчилгээг авснаар эмэгтэйчүүд дунджаар долоо хоногт “хөлсгүй хөдөлмөр”-т зарцуулдаг 5-6 цагийг хэмнэх боломжтой хэмээн төслийн баг үзэж байна.

Охид, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд өөртөө, гэр бүлдээ, улмаар орон нутагтаа “цаг гаргах” боломжийг олгосноороо энэхүү “Цаг өгье” төсөл наанадаж нийгмийн, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Хувцас угаалга, халуун усны үйлчилгээний хүлээлгийн хэсэгт төслийн баг мэдээллийн төвийг тохижуулжээ. Энэхүү мэдээллийн төвийг тохижуулснаар тус дүүргийн иргэд, эмэгтэйчүүд нэн ялангуяа, 34-р хорооны нутаг дэвсэр дэх Нийслэлийн ерөнхий боловсролын 123, 106 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид мэдээллийн төвд байрлуулсан ном, товхимол уншиж, интернэтийн үйлчилгээ авах боломжтой болсон бөгөөд хотын төвөөс алслагдсан орчинд ч иргэд мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлж алхахад дэмжлэг үзүүлэхийг зорьсон байна.

Сонгинохайрхан дүүргийн нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Ядуурлын түвшин нь нийслэлийн дунджаас 7,6 хувиар өндөр байна.

2021 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хорооноос хамтран хийсэн “Монгол Улсын "Ковид-19" цар тахлын үед охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлж буй нөлөөллийн судалгаан”-аас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн захын хороодын өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядууралд илүү өртөж байна. 


"Цаг өгье" төсөл хэрэгжиж байна   
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй