Шууд Chart

Б.Уранбаяр: Иргэдийн талархлын үгсээс урам дэм, эрч хүч авдаг

2022-05-23 13:04:17

MNB.mn сайт

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж буйд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Батбаатар овогтой Уранбаяр гэдэг.1989 оны 11 дүгээр сарын 07-нд Дархан хотод төрж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өссөн. 2007 онд ахлах сургууль төгсөөд цагдаагийн албанд орохоор шийдэж 2007 оны 11 дүгээр сард хугацаат цэргийн албанд татагдаж, Дотоодын цэргийн 05 дугаар ангид хуваарилагдан цэргийн алба хаасан.  2008 онд Цагдаагийн академид суралцан цагдаа мэргэжлээр төгссөн. Цагдаагийн албанд орох анхны гараа минь ийн эхэлсэн. Би цагдаагийн дэд ахлагч цолтой Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаад 2013 онд  тухайн үеийн Хууль сахиулахын их сургууль /Дотоод хэргийн их сургууль/-д суралцахаар шалгалт өгч тэнцээд цагдаагийн эчнээ ангид 5 жил амжилттай суралцан төгсөж бакалаврын зэрэг эзэмшсэн. 2018 онд сургуулиа төгссөнөөс хойш Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байна.

-Та багадаа ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байв?

-Би таван хүүхэдтэй айлын дундах хүүхэд. Манай аав, ээж Дарханы төмөр замд ажилладаг байсан юм. Би ахлах ангиа төгсөх хүртлээ төмөр замын машинист болно гэж боддог байлаа. Тухайн үед дүрэмт хувцсаа өмсчихсөн яваа цагдаа, цэргийн алба хаагчдыг хараад ангийнхаа найзуудтайгаа ярилцаж байгаад шууд цагдаагийн албанд ажиллахаар шийдсэн.

Намайг ахлах сургуулиа төгсөх үед цэргийн алба хаасан залуусыг л цагдаагийн албанд оруулдаг шалгууртай байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн хэмжээнд хугацаат цэргийн албаны цэрэг татлага болж зөвхөн 18 нас хүрсэн иргэд цэрэг татлагад орсон. Харин би 18 нас хараахан хүрээгүй байсан юм. Ээж, аав хоёртоо цагдаагийн албанд ажиллахыг хүсдэг ч, цэрэг татлагад орж чадсангүй гэдгээ хэлэхэд намайг гэрийнхэн бүгд дэмжиж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг рүү хаягийг минь шилжүүлсэн. Би Чингэлтэй дүүрэгт өөрийн хүсэлтээрээ цэргийн татлагын комисст бүртгүүлж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар цэргийн ангид зургаан сар хугацаат цэргийн алба хаагаад байлдагчаас сонсогч болж, зургаан сар Цагдаагийн академид хууль эрх, зүйн чиглэлээр сурч дэд ахлагч цолтой төгсөж байлаа.

-Цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал хэр өндөр байдаг вэ. Та дунджаар хэдэн хэрэг дээр ажилладаг вэ?

-Би 2018 оноос Эрүүгийн цагдаагийн албанд томилогдож ажилласан. Манай тасгийн онцлог эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, нууц далд аргаар үйлдэгдсэн хэргүүдийг шалгадаг. Манайд тухайн үед шинээр ирсэн тасгийн дарга алба хаагч нарыг хэсгийн зохион байгуулалтад оруулж ажиллуулах зэрэг олон шинэлэг ажил, арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн нь маш үр дүнтэй болсон гэж миний зүгээс хардаг. Тухайлбал, би анх энэ албанд орж ажиллахдаа 210 хэрэг шалгаж байсан бол шийдвэрлэсээр үүнээс одоо 23 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Баянгол дүүрэгт “Хархорин” “Sunday” “И-март”  зэрэг томоохон худалдааны төв болон автобусны зогсоолуудад халаасны хулгай, мөн дүүргийн хэмжээнд залилах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Жижүүрт гарсан нэг албан хаагч л гэхэд тухайн хоногтоо дунджаар 12-13 хэргийн материал хүлээн авч шалгадаг. Цагдаагийн байгууллагын ажил албыг ямар нөхцөлд ажилладаг гэдгийг ойлгодоггүй зарим нэг хүн бий. Цагдаагийн алба хаагч зөвхөн нэг хүний асуудал дээр ажилладаггүй шүү дээ. Их, бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар хохирсон хүмүүс л цагдаагийн байгууллагад ханддаг. Тэр бүх өргөдөл, гомдол, хэргийн ард хохирсон иргэдэд тусалж, асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хичээн ажилладаг.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлж яаж өрнөдөг вэ?

-Би 06:00 цагт босдог. Манай гэр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байдаг юм. Ажлаасаа жаахан зайтай /35 км/ болохоор 06:30 цагт гэрээсээ гараад ажил руугаа нийтийн автобусаар явдаг. Эхнэр минь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг учраас би эхнэртээ машинаа өгчихдөг.

08:20 – 08:25 цаг гэхэд ажил дээрээ очоод нийслэл, дүүргийн хэмжээнд ямар гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх хоногийн нөхцөл байдлын мэдээг харна. Тэгээд өргөдөл, гомдлуудтай танилцана. Урьд өдөр нь маргаашийнхаа хийх ажлын төлөвлөгөөг гаргадаг. 12:00 цаг хүртэл гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийж амжуулна. 14:00 цагаас хойш гадуур камерын хяналт болон бусад мөрдөн шалгах ажиллагааг хийдэг. Ажил дуусах тогтмол цаг байхгүй ч ихэнхдээ 19:00 - 20:00 цагт ажлаа дуусгаад 22:00 цагийн үед харьдаг. Онц хүнд гэмт хэрэг гарсан, сэжигтэн, гэмт этгээдийг яаралтай олж илрүүлэх болон шаардлагатай тохиолдолд гэртээ харихгүй ажиллах үе ч бий. Аливаа гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүд ихэвчлэн бүртгэлтэй хаяган дээрээ амьдардаггүй болохоор эрэн сурвалжлах ажиллагаа өргөн хүрээнд явдаг. Зарим тохиолдолд албаны өрөөндөө ч амьдрах үе ч байдаг.

-Цагдаагийн ажил мэргэжлийн зовлон, жаргал нь юу вэ?

-Хүнд хэцүүг нь цагдаа хүний гэр бүл л илүү их мэдэрдэг байх. Учир нь бүх нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд цагдаагийн алба хаагч бүгд бэлэн байдалд ажилладаг. Цагдаагийн албан хаагчийн хань ижил, хүүхдүүд нь бусад гэр бүл шиг баяр ёслолын өдрүүдэд амарч, баярлахыг хүснэ. Гэхдээ цагдаагийн алба хаагч бүх нийтийн баяр ёслол, амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ хамт байж чаддаггүй ч бүх л гэр бүлийн аюулгүй, амар тайван байдлыг хангахаар ажилладаг нь сайхан. Бусдаар бол өөрөө зорьж хүсч цагдаагийн байгууллагад орсон бол нээх сүртэй хүндрэл бэрхшээл байхгүй.

Бидэнд зовсон хохирсон хүмүүс л тулгарсан асуудлаа шийдүүлэхийн тулд ханддаг. Хохирсон иргэдэд тусалж тодорхой хэмжээнд хохирлыг нь барагдуулж, баяр баясгалан өгч, шударга ёсыг түгээж байдагтаа баярлаж явдаг. Би олон сайхан залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархаж явдаг. Мэдээж зарим үед мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарсан ч тухайн асуудлыг хамт олонтойгоо ярилцана асууна, өөрийн мэддэг зүйлээ хэлж өгнө гээд цаг мөч бүр л суралцаад явдаг.

-Өргөдөл, гомдол, хохирлоо шийдүүлсэн иргэдээс цагдаагийн алба хаагчдад илгээсэн олон ч талархлын зурвас захидлыг сошиал орчноос харсан. Танд хаягласан баярлаж талархсан үгсээс санаанд ойр байгаагаа хуваалцаач?

-Миний хувьд зурвас, захидал авахаасаа илүүтэй ажил дээрээ л баярлалаа гэдэг үг олон удаа сонссон. Бүр нулимс дуслуулаад “Маш их баярлалаа” гэж хэлсэн олон иргэн бий. Хэдий нойр хоолгүй, шөнө өдөргүй ажилладаг ч гэлээ ажлын үр дүн гарахад мөн иргэдийн баярлаж, талархсан сэтгэлээс гардаг үгсээс урам дэм, эрч хүч авдаг. Саяхан нэг иргэн АТМ-аас таван сая төгрөгийн зарлага хийхдээ картаа аваад мөнгөө авалгүй мартаад явчихсан тохиолдол гарсан.                   

Тухайн иргэний аав нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт яаралтай хагалгаанд орохоор болоод нэлээд сандрангуй, ухаан санаа нь самуурсан явсан юм билээ. АТМ-аас зарлага хийсэн таван сая төгрөг нь аавынх нь мэс заслын төлбөр байж. Гэтэл тэр хүний дараа АТМ-аар үйлчлүүлсэн хүн мөнгийг нь аваад явчихсан байсан. Ингээд иргэн цагдаагийн байгууллагад хандахад би тухайн үед жижүүрээр гарч байсан юм. Гомдлыг нь хүлээн авч материалжуулаад хэрэг гарсан газрын хяналтын камерыг шүүж, мөнгө авсан гэх хүний явсан маршрутыг шалган хэн гэдэг хүн авч явсныг нь тогтоож мөнгийг нь хохирогчид шуурхай эргүүлж авч өгсөн. Хохирогч эмнэлэг рүү явахаасаа өмнө уйлаад “Маш их баярласан талархсанаа илэрхийлсэн. “Аавын минь мэс заслын хугацаа нь тулчихсан болохоор төлбөрийнх нь мөнгө олдохгүй бол яанаа гээд үнэхээр их айсан” гэж тухайн үед надад ярьж байсан.

-Цагдаа нар албаныхаа хүнд хэцүүгээс шантарсандаа бус цалин хөлс бага учраас ажлаасаа гарах тохиолдол байна гэсэн. Энэ асуудал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Цагдаагийн албаны ажиллах орчин нөхцөл мэдээж хүнд, цалин нь ч өндөр биш. Аливаа гэмт хэрэг, эмх замбараагүй байдал болоход хамгийн түрүүнд цагдаа л очдог. Мөн цагдаагийн алба хаагч бүгд бүх нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд үүрэг гүйцэтгэдэг ч цалинг нь тооцож олгодоггүй. Миний хувьд бол ажил албандаа дасчихсан зарим зүйлийг нээх тоодоггүй. Гэхдээ дөнгөж орж ажиллаж байгаа хүнд эхэндээ хэцүү санагддаг л юм.

-Иргэд элдэв дарамт, халдлага, гэмт хэргийн хохирогч болвол хамгийн түрүүнд цагдаа л гэдэг. Гэхдээ сүүлийн үед цагдаагийн зарим нэг алба хаагчтай холбоотой таагүй мэдээллээс үүдэн цахим орчинд цагдаагийн байгууллагыг муу хэлэх үзэгдэл гарч байна. Уг нь цагдаа нарын ажиллаж буй нөхцөл, гүйцэтгэж буй үүргээс харахад иргэд хамгийн ам сайтай баймаар юм?

-Олон хүн дунд ганц нэг саар хүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл ганц алба хаагчийн алдаа дутагдлыг нийтийн хэмжээнд дэвэргэж байгаа нь бүх л бүтэн цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын нэр хүндэд халдаад байна уу даа гэж харагддаг. Цагдаагийн албанд маш олон сайхан эрхмүүд, залуус ажилладаг. Тэд ажил албаа нэр төртэйгөөр гүйцэтгээд явж байна. Гэтэл нэг хувь хүний асуудлыг бүгд л тийм мэтээр ярихаар ажил албаа нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаа нийт цагдаагийн алба хаагч нэр төрөөрөө хохироод байгаа нь харамсалтай санагддаг. Аль ч салбарт ийм асуудал гардаг л даа.

-Цагдаагийн ерөнхий газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Байна уу? байна” зэрэг хэд хэдэн нөлөөллийн аян зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэмт хэргийн гаралт буурч байгаа юу?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нөлөөллийн ажил маш чухал. Жишээлбэл, “Ятгах тусам нягтал” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд нөлөөллийн ажлууд хийгдсэний дараа иргэд маш хянуур, хариуцлагатай болсон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аянууд маш үр дүнтэй арга хэмжээнүүд болсон гэж хардаг. Жил ирэх тус зарим төрлийн гэмт хэргүүд буурч байгаа.

-“Ажлын байр хоёр дахь гэр” гэж үг бий. Таны ажиллаж буй Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тухай ярилцъя.

-Манай хэлтэс дүүргийнхээ төвөөс жаахан зайтай байрладаг. Тасгийн дарга ахлахууд маань алба хаагчдынхаа ажлын орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байрны тав тухыг нь хангах зорилгоор бүх өрөө, тасалгаандаа засвар хийсэн. Мөн амралтын өрөө, номын сан байгуулж, ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангаж тав тухтай орчинг бий болгож алба хаагчийн гэр бүл рүү чиглэсэн, алба хаагчаа дэмжсэн ажлуудыг шат дараалан явуулж байгаа. 

Үүнээс гадна манай хэлтэс дүүргийнхээ төвөөс зайтай байдаг учир цагдаагийн алба хаагчдыг иргэд рүү ойртуулах үүднээс, хоёрдугаарт хол гэртэй зарим алба хаагчийн гэр лүүгээ явах цаг, замыг багасгах үүднээс 3, 4 дүгээр хороолол болон 10 дугаар хорооллын цагдаагийн тасагт ажлын өрөө гарган засвар үйлчилгээ хийж иж бүрэн тохижуулан өгсөн. Тухайлбал, би өмнө нь жил гаруйн хугацаанд Налайх дүүргээс ажил руугаа ирдэг байсан юм. Тэр үеэс намайг 10 дугаар хорооллын цагдаагийн хэсгийн байранд ажиллуулсан.

Мөн “Ажлын байрны эерэг уур амьсгал, хандлагыг хэвшүүлэх, алба хаагчдын сахилга, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албандаа хандах хандлага, шинэ санал санаачлагыг дэмжих, сурган дадлагажуулах, соён гэгээрүүлэх, ажлын байрны эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршилгүй хамт олон болох зорилготой “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтод аяныг тасаг бүр 7 хоногийн хугацаатай зохион явуулж байгаа нь алба хаагчдыг идэвхжүүлсэн, урам зоригийг сэргээсэн шинэлэг сайхан санал болж байгаа. Энэ аяны хүрээнд намайг сахилгын шийтгэл авч байгаагүй эерэг алба хаагчаар шалгаруулж сурталчилж байгаад би хувиасаа болон гэр бүлийн зүгээс талархаж байгаа. Ажлын хамт олондоо баярлалаа.

-Таны хүүхдүүд хэдэн настай вэ. Хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх үү?

-Би гурван хүү, нэг охинтой. Том хүү 9, дунд хүү 7, бага хүү 4 настай, хамгийн бага маань дөрвөн сартай охин. Мэргэжлээ хүүхдүүддээ өвлүүлье л гэж боддог. Манай том хүү “Аав шиг ээ цагдаа болно” гэж үргэлж ярьдаг. Сургуульд нь жүжигчилсэн тоглолт болоход цагдаагийн дүрд л тоглоно гээд цагдаагийн хувцас хүртэл хийлгэж байсан. Цэцэрлэгтээ ч мөн жүжигчилсэн тоглолтод цагдаа л болно гээд цагдаагийн хувцас хийлгэж байсан даа. Би том хүүгээ цагдаа болох байх гэж хардаг.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе.

-Намайг урьж ярилцсан MNB.mn сайтын хамт олондоо баярлалаа. Би гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг. Амьдралын минь түшиг тулгуур болсон ханьдаа маш их баярлаж явдаг шүү. Гэрийнхээ бүх л ажлыг эхнэр минь л амжуулдаг. Миний ажил албыг ойлгодог хань, үр хүүхэд, гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Уранбаяр: Иргэдийн талархлын үгсээс урам дэм, эрч хүч авдаг  
Үзсэн: 2054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй