Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт Давос хотноо эхэллээ

2022-05-23 14:56:01

"Ковид-19" цар тахлын улмаас 2 жил завсарласан Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотноо өчигдөр нээлтээ хийжээ. ОХУ-ын Украинд явуулж байгаа дайн энэ удаагийн чуулга уулзалтын хэлэлцэх гол сэдвийн нэг байх юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтад цахимаар оролцож үг хэлнэ.

Харин Украины гадаад харилцааны сайд Дмитро Кулеба Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын лхагва гарагийн хуралдаанд биечлэн оролцох аж. Энэ жил дэлхийн улс орнуудаас засгийн газрын болон бизнесийн салбарын 2500 орчим зочид төлөөлөгчид оролцож байгаа юм байна.

Харин уг чуулга уулзалтад Украинд дайн хийж байгаа гэдэг үүднээс ОХУ-аас төлөөлөгч оролцохыг хоригложээ. Анхаарал татаж байгаа өндөр дээд төлөөлөгчдийн хувьд Германы канцлер Олаф Шольц, АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жон Керри, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен нар багтаж байна.

Энэ удаагийн чуулганд оролцогчид дайны дараа Украины сэргээн босголтод шаардлагатай хөрөнгө санхүүг бүрдүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах тухай хэлэлцэнэ гэж Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Бёрге Бренде мэдэгдлээ.

Тэрбээр бас хувийн хэвшил, бизнесийн салбарын Украины сэргээн босголтонд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн энэ удаагийн чуулга уулзалтаар дэлхий зарим улс орнуудад өсөн нэмэгдэж байгаа инфляц, эрчим хүчний үнийн өсөлт, цаг уурын өөрчлөлт, ган гачиг, Африк тивд нүүрлээд байгаа хүнсний хомсдол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Чуулга уулзалтын 270гаруй салбар хуралдааны гуравны нэг нь зөвхөн цаг уурын өөрчлөлт, түүний шууд нөлөө болох дэлхийн дулаарал, цаг агаарын эрс тэс байдал, хүлэмжийн хийг тэг түвшинрүү буулгах, эрчим хүчний шинэ, цэвэр эх үүсвэрүүдийг нээн илрүүлэх зэрэг асуудлыг голлон хэлэлцэх юм байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт пүрэв гараг хүртэл үргэлжлэх юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт Давос хотноо эхэллээ  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй