Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна

2022-05-25 12:30:52

Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацыг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бусад улсын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг хийв. Тухайлбал,

Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтонтой уулзах үеэр 2023 онд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцож, холбогдох бэлтгэлийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцав.

Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар тус улсын Гадаад хэргийн сайд, ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай санал солилцов.

Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой олон улсын нөхцөл байдлын асуудлаар үзэл бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын алхмуудыг хэлэлцэв.

Сайд Б.Батцэцэг түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзах үеэр олон талт худалдааны тогтолцоог өөрчлөн шинэчлэхийг дэмжиж буйг нотолж, ирэх 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд  болох тус байгууллагын Сайд нарын 12 дугаар Бага хурлыг зохион байгуулахад амжилт хүсэв.

Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Ерөнхийлөгч Акихико Танака-тай тус улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн JICA-ийн төслүүд, тэр дундаа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт дээр үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй