Шууд Chart

Унгар улс ОХУ-ын газрын тосны салбарт тавих хориг арга хэмжээг эрс эсэргүүцсэн хэвээр байна

2022-05-27 09:48:20

Европын холбооны ОХУ-ын газрын тосны салбарт тавихаар төлөвлөж байгаа хориг арга хэмжээ томоохон саадтай тулгарч магадгүй байна. Унгарын эрх баригчид Европын холбооны уг төлөвлөгөөг одоогийн хэлбэрээр нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Европын холбооны ирэх 7 хоногийн дээд хэмжээний  уулзалтын хэлэлцэх хэргээс энэ сэдвийг хасахыг санал болгожээ.

Европын холбоо Украинд явуулж байгаа Оросын дайныг санхүүжүүлэх гол эх үүсвэрийг хаахын тулд 2022 оны эцэс гэхэд Оросын газрын тос импортоо зогсоохоор гишүүн 27 улсын дунд зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Төв болон Зүүн Европын зарим улс хориг тавихаасаа өмнө газрын тосоо нөөцөлж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Харин Унгар нь Оросын эсрэг Европын холбооны 6дахь багц хориг арга хэмжээнд багтаж байгаа газрын тосны хоригийг эсэргүүцсэн цөөн хэдэн улсын нэг юм.

Унгар улсын Гадаад харилцааны сайд Петер Сийярто, “Унгарын эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа цагт Брюсселийн газрын тосны хориг тавих саналыг бид дэмжихгүй. Үүнийг Европын комисс бий болгосон учраас энэ комисс шийдлийг санал болгох ёстой. Тэр шийдлээ эхлээд гарга. Дараа нь хоригийн тухай ярьж болно. Тэд шийдлээ энэ 7 хоногт санал болгож амжихгүй байх. Тиймээс ирэх 7 хоногт Европын зөвлөлийн уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хоригийн тухай сэдвийг оруулахгүй байх санаачилга гаргасан. Хэрвээ ийм асуудлыг хуралдаанд оруулж ирвэл Европын эв нэгдлийг задлах эрсдэлтэй гэж бид үзэж байна.

Байгалийн хийн хэрэглээний 85 хувь, газрын тосны хэрэглээний 60 хувийг ОХУ-аас авдаг Унгар улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахгүйгээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж Унгарын засгийн газар Европын Комиссыг буруутгаж байна.

Өмнө нь Европын холбоо Оросын газрын тосноос ихээхэн хамааралтай Унгар, Словак, Чех зэрэг далайд гарцгүй улс орнуудад онцгой нөхцөл санал болгож, Оросын газрын тосноос татгалзах хугацааг сунгаж өгсөн. Гэвч Будапешт Оросын эрчим хүчний салбарт чиглэсэн хориг арга хэмжээг эрс эсэргүүцсэн хэвээрээ байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгар улс ОХУ-ын газрын тосны салбарт тавих хориг арга хэмжээг эрс эсэргүүцсэн хэвээр байна  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй