Шууд Chart

Украины ерөнхийлөгч зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг олон улсаас дахин хүслээ

2022-05-27 10:22:42

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Донецк, Луганскийн чиглэлд Оросын цэрэг, зэвсгийн хүч давамгайлж байгааг хүлээн зөвшөөрч, зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг улс орнуудад уриаллаа.

Сүүлийн хэд хоногт Оросын цэрэг Донбассыг хяналтдаа бүрэн оруулахын төлөө тулаанаа эрчимжүүлсэн тухай олон улсын хэвлэлүүдээр мэдээлсээр байгаа. Иймээс Украины төр олон улсаас хүнд зэр зэвсгийн дэмжлэг дахин хүссэн байна.  

Оросын цэрэг Украины Луганкс мужийн бэхлэлт болсон Северодонецк хот руу давшилтаа эрчимжүүлж, Украины арми давшилтыг няцаах тулаан хийж байгаа аж. Хэрвээ Оросын давшилтыг няцааж чадахгүй бол дараагийн Мариуполь болох эрсдэл бий болжээ. Луганск мужийн 90 гаруй хувь нь Оросын армийн хяналтад орсон гэж тус мужийн захирагч мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Оросын арми өмнө нь эзэлсэн газар нутгуудад хяналтаа бэхжүүлж эхэлсэн байна. Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд хэсгийн Херсон, зүүн өмнөд хэсгийн Запорожье мужийн оршин суугчдыг Оросын иргэншил авах үйл явцыг хялбаршуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэдгээр мужуудын зарим иргэд Оросоос иргэншил хүсээд эхэлсэн гэж Оросын төвийн хэвлэлийн мэдээлсэн гэж Ассошейтэд Пресс иш татжээ.

Херсон, Запорожье мужуудын Оросыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд эзэлсэн газар нутагтаа Оросын мөнгөн тэмдэгт рублийг албан ёсны мөнгөн тэмдэгтээр ашиглаж эхэлсэн тухайгаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины ерөнхийлөгч зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхийг олон улсаас дахин хүслээ   
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй