Шууд Chart

ОХУ Украины зүүн бүс нутагт дахин нэг хотыг хяналтандаа авсанаа мэдэгджээ

2022-05-29 10:51:39

Украин улсын ерөнхийлөгч зүүн бүсийн хотууд хэзээ ч ОХУ-ын газар нутаг болохгүй гэж мэдэгдэв...

Оросын арми Украины зүүн бүс нутагт илт давуу хүчээр давшиж, Украины стратегийн чухал, төмөр замын зангилаа хот Лиманыг хяналтандаа авчээ. Украины албаныхан Лиман хот Оросын хяналтанд орсоныг баталсан байна. Харин ерөнхийлөгч Зеленский Оросын хяналтандаа авсан гэгдэж байгаа хотууд хэзээ ч Оросын газар нутаг болохгүй гэж мэдэгдэв.

Оросын арми Украины зүүн бүс нутагт боомт, төмөр зам болон бусад гол дэд бүтцүүдийг онилж, цохилт өгч байгаа юм байна. Лиман хотыг эзэлснээр энэ 7 хоногт Донбассын хоёр хот Оросын армийн мэдэлд ороод байна. Одоо Украины арми гурав дахь хот Северо Донецк хотыг хамгаалахаар Оросын армийн давшилтыг няцаах тулаанд орсон байна.  Северо Донецк нь Украины армийн Донбассын бүс нутаг дахь хамгийн сүүлийн бэхлэлт юм.

Тус хотын захирагчийн мэдээлснээр Оросын цэрэг хотын гуравны хоёрыг бүсэлж, барилгуудын 90 хувийг сүйрүүлсэн. Одоо бөмбөгдөлт үргэлжилж байгаа юм байна. Тус хотын 15 мянга гаруй оршин суугч гэр орноо орхин дүрвэсэн гэж Эрх баригчид нь үзэж байна. Энэ үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Зүүн бүс нутагт нь нөхцөл байдал маш хүнд байгааг олон улсын хэвлэлээр илэрхийлж, "Оросын армийн давшилтыг зогсоох арга замуудыг хайсаар байгаа юм. Украины арми байгаа бүх хүч нөөц бололцоогоо дайчлан эх орноо хамгаалж байна,  гэвч Оросын арми агаарын болон пуужингийн цохилтоор давуу, их буу, зэвсгийн нөөцөөр илт давуу давшиж байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр баасан гарагт Стэнфордын их сургуулийн оюутнуудад цахимаар үг хэлэхдээ, "Олон улсын Оросд тавьж байгаа хориг дорвитой нөлөөлөхгүй байна, илүү хатуу хориг тавь гэж уриалжээ.

Мөн тэрбээр, "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээний ширээнд суухад бэлэн" гэдгээ дахин мэдэгджээ. Орос Украинд цэргээ оруулсны дараахан Москва Киевийн хооронд энхийн хэлэлцээ эхэлсэн ч үр дүнд хүрээгүй, зогссон. Хэлэлцээ мухардалд орж зогссонд Оросын ерөнхийлөгч Украины талыг буруутгасан. Өөрөөр хэлбэл Украин хэлэлцээний үйл явцийг саатуулсан гэж мэдэгдсэн юм.

Энэ үеэр Украины гадаад харилцааны сайд Оросын армийн давуу байдлыг няцаахын тулд хүнд зэвсгийн тусламж хэрэгтэй байгааг Өрнөдийн орнуудад хандаж уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Украины зүүн бүс нутагт дахин нэг хотыг хяналтандаа авсанаа мэдэгджээ   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй