Шууд Chart

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Номхон далайн арлын орнуудаар айлчилж байна

2022-05-29 10:59:44

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Номхон далайн арлын бүсийн 8 орноор хийх ажлын айлчлалаа Соломоны арлуудаас эхлүүлээд байна. Ван И айлчлалынхаа хүрээнд Номхон далайн арлын жижиг улсуудтай аюулгүй байдал, худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгааг Өрнөдийн хэвлэлүүдэд онцолжээ.

Бээжинг Өмнөд Номхон далайд цэрэг батлан хамгаалах, эдийн засгийн ашиг сонирхлоо нэмэгдүүлж байна гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа үед Ван И-гийн айлчлал болж байгаа нь онцлог байна.

Хятадын засгийн газраас Номхон далайн арлын 10 улс руу илгээсэн хамтарсан мэдэгдлийн хувилбарыг Өрнөдийн хэвлэлийнхэн олж авсан юм. Уг мэдээлэлд Хятадын засгийн газар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аюулгүй байдал тэр дундаа цагдаа, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа гээд өргөн хүрээний салбарт олон тооны гэрээ байгуулахаар зорьж байгаа тухай тусгасан гэж Ройтерс мэдээлжээ.

Ван И арав хоногийн хугацаанд Кирибати, Самоа, Фижи, Тонга, Вануату, Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор зэрэг Өмнөд Номхон далайн бүсийн арлын жижиг улсуудаар айлчилна.

Хятадын Засгийн газар өнгөрсөн сард Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулсан нь Өрнөдийнхнийг цочирдуулсан. Уг гэрээ Хятад улс арлын энэ улсад цэргээ илгээх эсвэл цэргийн баазаа байгуулах боломжийг олгоно гэж Өрнөдийнхөн болгоомжилж байна. Гэвч Соломоны арлууд болон Хятад улсын зүгээс цэргийн бааз байгуулах ямар ч төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдээд байгаа. Уг гэрээнд аюулгүй байдлын асуудлаас эхлээд загас агнуурын хамтын ажиллагаа зэрэг олон салбарыг багтаасан аж.

Австралийн хэвлэлд Бээжин бүс нутагт хамтын ажиллагааны өргөн хүрээг бий болгох замаар Номхон далайд нөлөөгөө бэхжүүлэх сонирхолтой байж магадгүй гэж мэдээлжээ. Мөн Бээжингийн энэ алхам Америк, Австрали, болон бусад улсуудаас эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байгаа юм.

Мөн Австралийн гадаад харилцааны сайд Пенни Вонг пүрэв гарагт Фижид айлчлахдаа засгийн газар нь Номхон далайн арлын улсуудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр зорьж байгааг онцолсон байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Номхон далайн арлын орнуудаар айлчилж байна   
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй