
Умард Солонгосыг цөмийн зэвсэг тээх чадалтай тив алгасагч баллистик пуужин туршсантай нь холбогдуулж, шинээр хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд Орос, Хятад улсууд хориг тавилаа. Умард Солонгос он гарснаас хойш олон төрлийн тусгалтай 17 пуужин туршсан, хамгийн сүүлд энэ сарын 25-нд алсын тусгалтайг туршсан юм.
Тодруулбал, Умардад хатуу хориг тавих тухай Америкийн санал оруулсан тогтоолын төслийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус 15 гишүүний 13 нь дэмжиж, хоёр нь хориг тавьжээ.
Ингэснээр НҮБ-ын хамгийн хүчирхэг байгууллага Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын таван гишүүний дунд анх удаа ноцтой хуваагдал бий болсныг харууллаа гэж хэвлэлд онцолжээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөл 2006 онд Умард Солонгос цөмийн зэвсэг анх удаа туршсаны дараа л Пёньяны эсрэг хориг арга хэмжээ авахад нэгдмэл байж чадсан. Уг хоригийн дараа байнгын 5 Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах, санхүүгийн эх үүсвэрийг нь таслах зэрэг арга хэмжээг олон жил чангатгаж иржээ.
АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Умард Солонгос энэ он гарснаас хойш тив алгасагч баллистик пуужингийн туршилтууд хийсэн нь олон улсын хамтын нийгэмлэгт бүхэлд нь аюул заналхийлэл учруулж байна гэж мэдэгдэв. Мөн тэрээр 2017 оны 12 дугаар сард аюулгүйн зөвлөлийн хамгийн сүүлд баталсан хориг арга хэмжээний дагуу аюулгүйн зөвлөлийн гишүүн улс орнууд Умардыг баллистик пуужин туршвал тус улс руу нефтийн бүтээгдэхүүний экспортоо хязгаарлахаар үүрэг хүлээснийг сануулж, олон удаагийн туршилтын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалжээ.
Харин Хятадын байнгын төлөөлөгч Умардын эсрэг хориг тавихын оронд тус улстай яриа хэлэлцээгээ сэргээж, 1953 онд дууссан Солонгосын дайнаас хойш тогтсон Солонгосын хойгийн нөхцөл байдалд улс төрийн шийдэл хайхыг Америкд уриалсан байна. Харин бямба гарагт Япон, Америк, Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд нар энх тайван аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаагаа зогсоож, хэлэлцээний ширээнд эргэн суухыг Умардад уриалсан хамтарсан мэдэгдэл гаргажээ.
БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд ОХУ болон БНХАУ хориг тавилаа | ||
Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.