Шууд Chart

Европын холбоо Украины экспортын улаан буудайг газраар тээвэрлэхээр тохирлоо

2022-06-02 11:24:59

Европын холбооны эрх баригчид Украины экспортын улаан буудайг газраар тээвэрлэхээр тохирсон байна. ОХУ-ын арми Хар Тэнгисийн Одесс боомтыг хааснаас Украин улаан буудайн экспортоо далайгаар хийх боломжгүй болсон юм. Одоогоор Украины Одесс боомтод экспортод гаргахаар бэлтгэсэн 20гаруй сая тонн улаан буудайн тээвэр гацсан байгаа юм.

Европын холбооны эрх баригчид Оросын Украинд хийж байгаа дайны улмаас үүссэн үр тарианы хомсдолыг хэрхэн арилгах арга замуудыг Брюссель хотноо хоёр өдөр хэлэлцэж, газраар тээвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн аж.

Энэ талаар Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Лайен “Боомтын гарцыг Оросын тал хааснаас хойш Украинд гацсан 20гаруй сая тонн үр тариаг гадаад зах зээлд гаргах ёстой. Тиймээс улаан буудайн зарим хэсгийг автозам болон төмөр замаар Европын холбооны орнуудын боомтууд руу тээвэрлэх нэгдсэн нэг маршрут гаргахаар шаргуу ажиллаж байна” гэдгээ мэдэгджээ. 

Европын холбоо Африк тивд үр тарианы нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн замуудыг хөгжүүлэх нь үр тарианы хомсдолоос гарах арга зам гэж үзэж, эдгээр чиглэлд дэмжлэг үзүүлэх аж. Европын Комиссын ерөнхийлөгч энэ сарын сүүлээр Египетэд айлчилж, тус улсын ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиситэй энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

НҮБ-ын тайланд дурдсанаар Африкийн орнууд 2018-2020оны хооронд улаан буудайн хэрэглээнийхээ 44 хувийг Орос, Украинаас импортолсон байна.

Харин ОХУ-ын Гадаад харилцааны сайд Лавров Украины тал далайн эргийн усыг минагүйжүүлэх ажлыг удаашруулж байгаагаас далайн тээврийг саатуулж байна гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцээд НҮБ-ын өндөр албан тушаалтан Оросын улаан буудай, бордооны экспортыг дэлхийн зах зээлд гаргах үйл явцыг хөнгөвчлөх талаар хэлэлцэхээр Москвад даваа гарагт очсон байна. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Оростой хийсэн хэлэлцээ нь үр дүнтэй болжээ.

Украин нь улаан буудай үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улс юм. Оросын Украинд хийж байгаа дайны уршгаар улаан буудайн экспорт саатсанаар Африк тивд 350 гаруй сая хүн хоол хүнсний хомсдолтой тулгарах эрсдэлтэй байна.

Японы хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр Украины олон улсын зах зээлд гаргах улаан буудайн экспорт ирэх онд 47 хувиар буурах төлөвтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Украины экспортын улаан буудайг газраар тээвэрлэхээр тохирлоо   
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй