АНУ-ын засаг захиргаа Украинд 700 сая америк долларын өртөг бүхий зэвсгийн тусламж үзүүлэх шинэ багц зарлалаа. Байдены засаг захиргааны мэдээлснээр уг шинэ багцад алсын тусгалын байг оновчтой устгах чадвартай хөдөлгөөнт артиллерын пуужингийн систем, танк эсэргүүцэгч Жавелин пуужин, нисдэг тэрэг багтсан байна. Гэхдээ АНУ Украинаас баталгаа авч байж дэвшилтэт зэвсгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Украины удаан хугацаанд шаардаж байсан дэвшилтэт зэвсгийн тусламжийг Америк үзүүлснээр Украины арми илүү хол зайнаас дайсны хүчинд цохилт өгөх чадалтай болох юм. АНУ Оросын Украинд явуулж байгаа дайн сунжрах төлөвтэй болсон ийм үед Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж байгаа бололтой гэж хэвлэлд онцолжээ.
Хөдөлгөөнт артиллерын пуужингийн систем нь 70 км-ийн зайд байг олон тооны нарийвчлалтай удирдлагатай пуужингаар цохилт өгөх чадалтай бөгөөд Украины одоо хэрэглэж байгаа их бууныхаас илүү хол зайд байг устгахын зэрэгцээ Оросын ийм төрлийн системээс илүү нарийвчлалтайд тооцогддог аж.
АНУ өмнө нь алсын тусгалтай, дэвшилтэт зэвсэг Украинд өгөхгүй байсан нь Оросын газар нутагт ашиглагдах вий гэсэн болгоомжлолтой нь холбоотой байсан аж. Энэ удаад Украин Америкийн өгсөн пуужингийн системийг Оросын нутаг дэвсгэр дэх объектуудад цохилт өгөхөд ашиглахгүй гэдэг баталгааг Вашингтонд өгсөн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Байден “Энэ удаагийн дэвшилтэт, хүнд зэвсгийн тусламж Оросын эсрэг Киевийн хэлэлцээ хийх байр суурийг бэхжүүлж, дипломат аргаар шийдэлд хүрэх магадлалыг улам нэмэгдүүлэх болно. Ийм учраас бид Украины арми байлдааны талбарт дахь гол байнд илүү нарийвчлалтай цохилт өгөх боломж олгох гэж илүү дэвшилтэт пуужингийн систем, сум хэрэгслээр хангахаар шийдвэрлэсэн юм” гэж мэдэгджээ.
АНУ Украинаас баталгаа авч байж орчин үеийн зэвсгийн тусламж үзүүлэхээр болжээ | ||
Үзсэн: 407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.