Шууд Chart

Шанхай хотын дийлэнх хэсэгт хатуу хөл хориог цуцалж байна

2022-06-02 12:15:31

Хятадын Шанхай хотын эрх баригчид Ковид-19 цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон хатуу хөл хориог цуцаллаа. Гэхдээ Шанхай хотын зарим дүүрэгт цар тахлын голомт болсон зарим дүүрэгт хөл хорионы дэглэм үргэлжлэх юм байна. Хөл хориог үргэлжлүүлэх дүүргүүдэд 650 гаруй мянган хүн ам оршин сууж байгаа аж.

Ингэснээр Шанхай хотын 25 сая гаруй оршин суугчийн 90 орчим хувь буюу 22 сая гаруй хүн гэрээсээ гарах, гадуур чөлөөтэй зорчих эрхтэй болжээ.

Хятадын санхүүгийн төв, далайн тээврийн зангилаа бүсүүдийн нэг Шанхай хотод 2 сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон нь хүмүүсийн аж амьдрал болоод бизнес эдийн засгийн байдалд ихээхэн нөлөөлсөн. Гэхдээ эрх баригчид нь хүмүүсийн хөдөлгөөнийг хатуу хязгаарласны дүнд хотын хэмжээнд цар тахлын халдварын тоо эрс буурсан гэж үзэж байна.

Өнгөрсөн 4 дүгээр сард цар тахлын халдвар ид давлагаалж байх үед Шанхай хотод өдөрт коронавирусний халдварт 20 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол даваа гарагийн байдлаар өдөрт 30 орчим халдвар илэрч байна. Шанхай хотын эрх баригчид өнгөрсөн 3 дугаар сарын 28-нд хөл хорио тогтоохдоо 4 дүгээр сарын 5-нд хөл хориог цуцална гэсэн төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын халдварын тархалт буурахгүй байсантай холбогдуулан хөл хориог хэд хэдэн удаа сунгасан юм.

Хатуу хөл хорионы хугацаанд Шанхай хотын зарим иргэд хүнсээ цуглуулах, зохих ёсоор эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй байсанд дургүйцлээ илэрхийлж байсан. Мөн хөл хорионы улмаас Шанхай хотын тээвэр ложистикийн олон арван компани аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоож, худалдааны нийлүүлэлт, тээвэрлэлт саатсан.

Харин одоо хотын эрх баригчид хотын аж амьдралыг хэвийн байдалд нь эргэн оруулахын тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн сэргээх, худалдааны байгууламжууд, боомтуудыг нээх, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд нь оруулах бүх талын зөвшөөрлийг олгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шанхай хотын дийлэнх хэсэгт хатуу хөл хориог цуцалж байна  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй