Шууд Chart

Францын гадаад хэргийн яамны ажилтнууд ажил хаяна

2022-06-02 14:21:18

Францын ГХЯ-ны ажилтнууд олон жилийн туршид анх удаагаа өнөөдөр ажил хаях гэж байна. Францын дипломат корпусыг эмхлэн байгуулж ирсэн зарчмыг уг үндсээр нь өөрчлөхийн тулд эрх баригчдын хийхээр төлөвлөж байгаа бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг эсэргүүцсэн дипломатчид энэ ажил хаялтад нэгдсэн талаар ТАСС уламжилсан байна. Францын дипломатчдыг нэгтгэдэг 7 үйлдвэрчний эвлэл энэ ажил хаялтад оролцож байгаа аж.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэрэгжүүлж байгаа өөрчлөлтөөр, хоёр зууны түүхтэй Францын мэргэжлийн дипломатчдын корпус татан буугдаж, тэднээс 800 орчмыг нь “төрийн өндөр тушаалтнуудын” гэх нийтлэг бүтэц рүү нэгтгэн, тэндээс нь хилийн чанад дахь гол чухал ажил, албан тушаалд томилдог болох юм байна.

Энэ нь одооноос, өндөр тушаалын дипломат томилгоонуудад ажил албан тушаалын шат дарааллын дагуу өгсөж туршлагажсан мэргэжлийн дипломатчид дангаараа бус, төрийн удирдлагын өөр чиг үүрэг бүхий түшмэд бас очих боломжтой болж байгаа гэсэн үг юм. “Энэ өөрчлөлт мэргэжлээрээ өсөн дэвших боломжийг хааж, бидний ажлын утга зорилго болон эрх баригчидтай харилцах харилцааг алдагдуулж байна” гэж дипломатчдын үйлдвэрчний эвлэлүүд үзэж байна.

Энэ удаагийн ажил хаялт Францын Гадаад яамны бүх түүхэнд нэлээд ховор гэж болох эсэргүүцлийн ажиллагаа болж байгааг ажиглагчид тэмдэглэжээ. Францын дипломатчид хамгийн сүүлд 2003 онд, яамных нь санхүүжилтийг танасны улмаас ажил хаяж байсан байна.

Франц улс АНУ, Хятадын дараа дэлхийд, гуравдугаарт ордог дипломат байгууллагын сүлжээтэй. Албан ёсны мэдээгээр, Францын Гадаад хэргийн яам 14000 орчим ажилтантай гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын гадаад хэргийн яамны ажилтнууд ажил хаяна  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй