Шууд Chart

Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагджээ

2022-06-03 13:27:31

Дэлхий даяар Сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагдсан байна. Европын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Европын холбооны 12 улсад сармагчны цэцэг өвчний 321 тохиолдол батлагджээ. Мөн Их Британид 196, Австрали, Канад, Америк, Израильд илэрсэн сэжигтэй тохиолдуул батлагдсан байна.

Европт сармагчны цэцэг өвчин өнгөрсөн 4 дүгээр сарын дунд үеэс тархсан, олон хүн цугласан томоохон үйл ажиллагаа, үдэшлэгүүдийн үеэр халдвар тархаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутаг хариуцсан захирал мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, ирэх саруудад зохион байгуулахаар төлөвлөсөн олон арван наадам, олон хүн цугларах үдэшлэгүүд халдварын тархалт нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж магадгүйг анхааруулжээ. Иймээс "Халдварын тархалтыг зогсоохын тулд халдвар тарах нөхцөлийг бууруулах зайлшгүй шаардлагатай. Засгийн газрууд болон эрүүл мэндийн байгууллагууд халдвар авсан өвчтөнийг тусгаарлах, хавьтагчдыг илрүүлэх, эмнэлгүүдээ халдварын тохиолдлыг хурдан илрүүлэх, судлах, баталгаажуулах оношилгооны багаж хэрэгслээр хангах нь зүйтэй" гэж ДЭМБ-ын Европын бүсийн удирдлагын зүгээс уриалжээ.

Түүнчлэн улс орнууд халдварын тархалтыг зогсоохын тулд шаардлагатай мэдээллээ түргэн шуурхай солилцоход эрүүл мэндийн байгууллагуудаа дэмжих нь чухал гэж ДЭМБ үзэж байгаа аж.

Сармагчны цэцэг өвчин халдвар авсан хүнтэй ойр харьцах, түүний хувцас, ор дэрний даавуунд хүрэх үед халдварладаг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Өнгөрсөн 7 хоногт ДЭМБ Европ, Америк, Израиль, Австрали болон бусад улсад батлагдсан тохиолдлууд Испани, Бельгид хоёр удаа шуугиан дэгдээсэн тохиолдлуудтай холбоотой байж магадгүйг мэдэгдсэн.

Эдгээр нь сармагчны цэцэг өвчин гол төлөв зэрлэг мэрэгч амьтнаас хүнд халдварладаг төв болон баруун Африк дахь тархалтаас өөр байгааг харуулж байгаа юм. Иймээс эрдэмтэд чинээлэг орнуудад илэрсэн сармагчны цэцэг өвчин Африкийн орнуудад тархах боломжтой эсэх, бэлгийн харьцааны үед халдварлах чадвартай эсэхийг хараахан тогтоогоогүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагджээ   
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй